Монгол Улс 2020 оны эхний 7 сард 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар боллоо гэж ҮСХ-ноос мэдээллээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7%) тэрбум ам.доллар, үүнээс экспорт 782.8 (17.1%) сая ам.доллароор, импорт 565.2 (16.1%) сая ам.доллароор тус тус буурчээ. Харин 2020 оны 7 дугаар сард экспорт 960.5 сая ам.доллар, импорт 481.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9%) сая ам.доллароор, импорт 14.2 (3.0%) сая ам.доллароор тус тус өссөн байна.
Гадаад худалдааны тэнцэл 2019 оны эхний 7 сард 1.1 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан бол 2020 оны эхний 7 сард өмнөх оны мөн үеэс 217.7 сая ам.доллароор буурч, 846.6 сая ам.долларын ашигтай байна.
Экспорт өмнөх оны мөн үеэс 782.8 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 324.3 сая ам.доллар, нүүрсний экспорт 911.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Харин импорт өмнөх оны мөн үеэс 565.2 сая ам.доллароор буурахад авто бензиний импорт 50.8 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 164.5 сая ам.доллар, суудлын авто машины импорт 107.5 сая ам.доллар, ачааны авто машины импорт 70.0 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
эх сурвалж: монцамэ агентлаг