Төсөвт тодотгол хийх ээлжит бус чуулган нээгдлээ

Төсөвт тодотгол хийх ээлжит бус чуулган нээгдлээ

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээв. Чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж үг хэллээ. 

 

Тэрбээр, ээлжит бус чуулганаар зээлийн хүүг багасгах чиглэлээр ажлын баг Монголбанктай тогтоолын төсөл боловсруулахаар төлөвлөж буйг дурдав. Мөн хоёр сарын дараа аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болох гэж байгааг тэмдэглээд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хувьсгалыг үргэлжлүүлж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батална гэдгийг онцлов.

 

Тэрбээр, "Бүхэлдээ энэ удаагийн чуулган нь Та бидний сонгогч түмэндээ амласан амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, улсын санхүү, эдийн засгийг удирдан хөтлөх ойрын жилүүдийн бодлогыг тодорхойлоход чиглэгдэх болно. Үүний төлөө сайд нар Улсын Их Хуралд тангараг өргөсөн гэдгээ ямагт санаж, аргацааж бус, ард түмнийхээ төлөө сэтгэл, зориг гарган ажиллах ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөр мөрөөдлийн жагсаалт биш, хураангуй төлөвлөгөө ч бус, сонгуулийн үеэр болон дараа ард түмний илэрхийлсэн хүсэл эрмэлзлийн цогц, салбар бүрт эрс шинэчлэлт, өөрчлөлт хийх төрийн бодлогын баримт бичиг юм. Салбар бүрт шинэчлэл өөрчлөлт хийж, сайн цаг, сайхан амьдралыг төвхнүүлнэ гэсэн ард түмнийхээ итгэлд гал асаах зорилт энэхүү чуулганаар эхлэх ёстой. Энэ гал улам бадран дүрэлзэх учиртай. Үр дүнд нь Монголын нийгэмд гэгээ гэрэл түгж, Монголын ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх болно" хэмээсэн юм.

 

Чуулганаар хэлэлцэх асуудал: 

1. Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн Үндсэн чиглэлийн төсөл;

2. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл;

3. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

4. “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан;

5. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

6. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд;

7. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны тавдугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хориг;

8. “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл;

9. “Монгол Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төсөл.