Бэрхийн уурхайд дарагдсан 2 иргэний нэгийг гарган авав

Бэрхийн уурхайд дарагдсан 2 иргэний нэгийг гарган авав

Хэнтий аймгийн Батноров суманд зөвшөөрөлгүй ажиллаж байсан жоншны далд уурхайн нурангид дарагдсан хоёр иргэний нэгийг нь өчигдөр эсэн мэнд аварч сум дундын эмнэлэгт хүлээлгэн өгсөн, биеийн байдал тогтвортой байгаа талаар ОБЕГ мэдээлэв. 

 

“Идэрмэг өсөх” нөхөрлөлийн жонш олборлох далд уурхай нурж тус уурхайн ажилчин болох 19, 27 настай хоёр эрэгтэй шороонд дарагдсан тухай дуудлага энэ сарын 14-ний 13:00 цагт онцгой байдлын байгууллагад иржээ. Тус уурхай нь Хэнтий аймгийн төвөөс зүүн зүгт 70 км-т, Бэрх тосгоноос зүүн урагш 3 км-т оршдог байна.

 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, “Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн 7 ажилтан осол болсон газрын уурхайн ханыг бэхлэх, шороог гаргах ажлыг зохион байгуулан, эрэн хайх, аврах ажиллагааг явуулжээ.

 

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын шийдвэрээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн томилогдсон бүлэг далд уурхайн нөхцөл байдлыг үнэлж ажлын төлөвлөгөө, зураг гаргасан байна. Ингэхдээ, нийт алба хаагчдыг хоёр хэсэгт хуваан дөрөв, дөрвөн цагаар тасралтгүй сэлгэн ажиллуулж, аврах ажиллагаа явуулжээ. 

Аврах ажиллагаагаар, Хэнтий аймгийн Батноров сумын Идэрмэг тавдугаар багийн харьяат иргэн Б-г 83.1 метрийн малтлагаас өчигдөр 04.15 цагт эсэн мэнд гаргасан бол өнөөдөр 04.15 цагт иргэн Х-ын цогцсыг уурхайн 35 метрийн нурангиас олж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн тухай ОБЕГ мэдээлэв.