Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Д.Энх-Амгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар томилогдсон билээ. Түүний оронд хэн очих нь улс төрийн хүрээнд ярианы сэдэв болоод байсан билээ. Энэ асуултын хариулт ил боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр томилогджээ. Түүний хувьд ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд орооцолдож, УИХ-ын сонгуулийг өнжсөн нэгэн. МАН-ын сонгуулийн төв штабд ажиллаж, чамгүй үүрэг оролцоотой байсан гэх юм билээ.
Ж.Энхбаярыг Батлан хамгаалахын сайдаар томилогдоно гэх таамаг явж байсан. Ийм ярриа МАН-ын удирдлагын дунд өрнөж, бас хэлэлцүүлэг болсон ч эцсийн мөчид цуцлагдсан юм билээ.
Эрдэнэс Монгол ХК-ийн Ерөнхий захирал, Гаалийн Ерөнхий газрын дарга, МИАТ-ын захирал зэрэг албан тушаалд Ж.Энхбаяр очиж магадгүй гэх таамаг яриа хүртэл гараад байв. Нөгөө талдаа МАН-ын албан тушаалын томилгооны үзүүр Ж.Энхбаяр хаана очихоос хамаарч өөрчлөгдөхөөр дүр зураг үүсээд байжээ. Харин энэ бүхэнд цэг тавьж Ж.Энхбаярыг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр томиллоо.
Ж.Энхбаяр нь 2008-2016 он хүртэл УИХ-ын гишүүнээр ажилласан бөгөөд 2016 оны Сонгуулийн дараа Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын дарга гэх суудалд суух боломжтой хэмээн яригдаж байсан билээ. Харин 2017 онд ЖДҮХС-ийн зээлд нэр холбогдож өсч явсан нэр хүнд нь унаад байсан юм.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх болон зөвлөхүүд нь Ерөнхий сайдад бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын үйлчилгээ, дэмжлэгээр хангах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд Ерөнхий сайдад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь чиглэсэн судалгаа, дүн шинжилгээ бүхий мэдээлэл, бодлогын зөвлөгөө өгөх, бүх талын дэмжлэг үзүүлэх, Ерөнхий сайдыг өдөр тутмын үйлчилгээ, дэмжлэгээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ. Ерөнхий сайдын зөвлөхүүд бодлогын зөвлөгөө өгөхдөө хариуцсан асуудлаар онол, арга зүй, дотоод, гадаадын туршлага, судалгаа, шинжилгээ, дүгнэлтэд үндэслэх үүрэгтэй.