Алдар цол, нэр хүнд. Хүн нэрээ тогос өдөө гэдэг сайхан үг бий. Монголчууд хэзээнээсээ нэр сэвтэхээр яс хугар гэж ирсэн. Үүний цаана аливаа хүн өөрийнхөө нэр хүндийг өөрөө л хамгаалж явах тухай ухагдахуун юм. Гэтэл өнөөдөр өөрийнхөө үг үйлдэл бүрээ анхаарахгүй хазгай гишгэчхээд тэрийг нь хэлэхээр намайг доромжилчихлоо, намайг гүтгэчихлээ гэж халаглах хүн олон болжээ.
Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллага бол Улсын Их Хурал. Энэхүү байгууллагад орохын төлөө тэмцэлдэж, орсон хойноо хэмлэлдэж байгаа улс төрчдийн хувьд нэрээ хугалчхаад адаг сүүлд нь хэлсэн хүн бүрийг буруутгаж суудаг боллоо.
Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хувьд улс төрд оршин байх хугацаандаа нэг ч иргэн, нэг ч сэтгүүлчтэй шүүх цагдаа болж байгаагүй. Түүний хувьд Ардчилал бол улс төрчийг буруутгаж, алдааг нь ард олон засч залруулахын тулд зэмлэдэг, хэмэлдэг, харддаг байх ёстой. Энэ бол улс төрч болсон хүний үүрэх ёстой ачаа гэсэн байдаг.
Харин өнөөдрийн улс төрчид их эмзэг болчихжээ. Сэрдсэн, хардсан, таамагласан мэдээнд хүртэл цочирдож, сав л хийвэл цагдаагаар айлгаж, шүүхээр дарамталж, торгоно хэмээн томорч суудаг болжээ. Угтаа бол улс төрд орсон л бол уулгалан довтлох үгэн шуурганд өвдөг сөхөрчихгүй, өөрөө тийм шуурганд өртөхөөр алдаа гаргачихгүй явах ёстой юм л даа.
УИХ-д өнөөдөр 40 гаруй шинэ гишүүн сууж байна. Тэд дарийн утаа үнэрлээгүй, улс төрчид ирдэг үгэн шуурганд өртөж үзээгүй яваа. Мөн 2 дахь удаагаа сонгогдож, дарийн утааг үнэрлэж эхэлсэн хэсэг ч чамгүй байна. УИХ-ын нялх гишүүдийн хувьд шүүмжлэлд дургүй, өөрийг нь өөнтөглөсөн, хардсан, сэрдсэн мэдээлэлд сэр хийж цочирдог, эмзэглэж гүйдэг, элдэв гүтгэлэг хэмээн унтууцдаг бололтой.
Угтаа та улс төрд орсон бол ард олноос ирэх шүүмжлэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах шүүмжлэл, хардсан сэрдсэн мэдээллийг харин ч өөрийнхөө ажилдаа хандах том сургамж, бас зөвлөмж гэж хүлээж авдаг болох хэрэгтэй. Тэр нь таны цааш цаашдын улс төрд урагшлах архам тань болно. Түүнээс нийгмийн сүлжээнд шүүмжлэл бичсэн иргэн бүртэй шөргөөцөлдөж, цагдаад зөрчлийн хуулиар торгуулах гэж өгөх юм бол таны улс төрийн замнал 2024 онд өндөрлөх болно.
Засгийн газрын сайд нар ч ялгаагүй. Шинэ бас шинэхэн байна. Тэд ажил хийх гэж зүтгэж байгаа л байх. Гэхдээ удаан байна. Хойрго байна. Яриа хэлэлцээр чинь биш байна гэх шүүмжлэл тасрахгүй ээ. Тэр бүхэнд эмзэглэж, тэвдэж, дор байгаа хүнээ зандарч, бичсэн, шүүмжилсэн бүхнийг цагдаагаар айлгах юм бол уучлаарай улс төрд явахгүй нь ээ л гэдгээ бод. Бодох бус бүүр улс төрөөс холд. Тэгээд нэр цэвэр алхаж байсан нь дээр биз.
Төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их хурал, гүйцэтгэх дээд байгууллага болох Засгийн газарт өндөр албан тушаал хашиж эхэлсэн бол таны нэр хүнд цэвэр бус дандаа ямар нэгэн хардлага, сэжиг бүхий мэдээлэлд холбогдох болно. Харин тийм биш гэдгээ та үг үйлдэл бүрээрээ харуулж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх болохоос шүүмжилсэн бүхнийг өлгөж аваад шүүхдээд байвал таны улс төр дуусч буй хэрэг шүү. Үүний бодит жишээ өчнөөн байгааг сана.