Өмнөх засгийн газрын үед толгойг нь залгих дөхсөн, өнөөдөр ч хар мөр нь арилчихаагүй байгаа том асуудал ЖДҮ. ЖДҮХС-аас УИХ-ын 40 гаруй гишүүн зээл авч, мөн томоохон өндөр албан тушаалтангууд зээл авсан хэрэг 2017-2018 онд сөхөгдөж, олон улс төрчийн ирээдүйн замналд цэг тавьсан билээ. Тухайлбал ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Б.Батзориг шүүхээс гэм буруутай гэж үзэж 40 сая төгрөгөөр торгож, 5 жил төрд ажиллах эрхгүй болгосон. Мөн УИХ-ын хэд хэдэн гишүүн 2-3 жилийн ял аваад байна. Өнөөдөр нэг гишүүний шүүх хурал болж байна.
ХХААХҮ-ийн сайдын шууд удирдлаганд байсан ЖДҮХС-ийн үйл ажиллагааг өөрчлөх, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар Засгийн газрын түвшинд яригдаж, шинэчлэл нь саяхан хийгдсэн байда.
ЖДҮХС-ийн үйл ажиллагааг илүү хяналттай болгох, мөн хэн нэг сайд дураараа уг сангаар тоглохгүй байх шийдэлд Засгийн газар хүрч 2020 оны 8 дугаар сарын 12 өдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байгуулсан бөгөөд уг агентлагаа Жижиг дунхд үйлдвэрийн газар хэмээн нэрэлсэн билээ.
Харин өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон байна.
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрүүд болон ЖДҮДС-гийн шинэчилсэн найруулгаар баталсан, зээл олгох шинэ журмыг боловсруулахад Я.Эрдэнэсайхан нь оролцсон нэгэн юм байна. Уг ажлыг нь үнэлж томилсон байх гэдэг яриа ХХААХҮ-ийн яаман дотор явж байна.
Я.Эрдэнэсайхан нь 2018 оноос хойш буюу ЖДҮ-ийн зээл хөндөгдөж, асуудал болсоноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ.