Нэг биш нэлээд олон Наранхүүтэй УИХ

Нэг биш нэлээд олон Наранхүүтэй УИХ

Улсын их хурлын ээлжит бус чуулган эхлэв. Гурав дахь өдрөө үргэлжилж буй УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны ирц хангалтгүй. Зарим байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэдэн цагаар хойшилж буй гэнэ. Энэ өдрүүдэд Улсын Их Хурлаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ бол дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, улс орон бүрийн эдийн засаг хүндэрч, эдийн засгийн өсөлт хасах болж буй энэ хүнд үед төсвийн алдагдал 3,1 их наяд төгрөг байх нь зөв эсэх дээр гишүүд санал бодлоо уралдуулах учиртай.

Гэтэл шинээр сонгогдсон, анх удаа УИХ-ын гишүүн болсон эрхмүүдийн хувьд санаачлага багатай. Хуулиа уншиж, асуудлын гүнд орж буй зүйл алга. Харин ч хуралдаа ирэхгүй, хуралдааны ирц хүрэхгүй, хуралдаан даргалагч нар гишүүдээ ирэхийг хүссэн, хүлээсэн байдалтай үргэлжилж байна.

Шинэ дээрээ соньхон гэдэг шиг УИХ-ын 40 гаруй шинэ гишүүн анх удаа парламентад сууж байгаа гэдэг утгаараа уг нь хуралдаа харин ч санаачлагатай, бас хариуцлагатай оролцох ёстой баймаар юм. Гэтэл тэд тийм биш бололтой. Хуралдаа суухаасаа суухгүй нь их. Дөнгөж анхны хуралдаандаа ингэж байгаа гишүүд ирэх 4 жил Төрийн эрх барих дээд байгууллагаас гарах хууль тогтоомжид хэр сэтгэлтэй оролцох бол гэдэг эргэлзээг бий болгож байна.

2016-2020 оны парламент ирц гэдэг асуудлыг маш их хөндөж, байнга л энэ асуудлаар маргаан өрнөж байсан. Зарим ахмад гишүүд шинэ залуусыг шүүмжилж, ажилдаа ирэхийг анхааруулж байлаа. Улсын их хурлын тухай болон УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд ирцийн асуудлыг анхаарч, тодорхой зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Гэвч энэ байдал өнөөдөр зав засагдаагүй байна.

Өмнөх парламентад сардаа ганц нэг удаа ирж хуралд суудаг Б.Наранхүү гэдэг гишүүн байлаа. Дундговь аймгаас сонгогдсон тус гишүүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуулийн үед одоо сонгогдох юм бол хуралдаа сууна гэх тохуутай үг хэлж зогссон. Өмнөх парламент ажил тасалдаг, тасалсан хойноо гэмшдэггүй ганц Б.Наранхүү гэх гишүүнтэй байсан бол энэ парламент бүүр олон Б.Наранхүүтэй болсон юм биш биз дээ.