2020 оны 8 дугаар сарын 24-нд ГХЯ-ны “Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо. Энэ үеэр дараах асуудлаар мэдээлэл хийв. Үүнд:
КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэх ажлын хүрээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагатай дараах чиглэлээр хамтран ажиллаж байна. Үүнд:
ГХЯ-ны зүгээс КОВИД-19 цар тахлын улмаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад худалдааны үйл ажиллагаанд учирч буй сөрөг үр дагаврыг бууруулах, эдийн засгийг сэргээх, гадаад улсад оршин суугаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр эн тэргүүнд анхаарч ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд НҮБ-ын байгууллагууд, тэр дундаа НҮБ-ын Суурин зохицуулагчийн алба, Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран ажиллаж ирлээ.
Улаанбаатар дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын удирдлага дор НҮБ-ын байгууллагууд хамтран цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засгийн нөлөөллийг нь бууруулах чиглэлээр ирэх 12-18 сарын хугацаанд хэрэгжүүлэх хариу арга хэмжээ авах стратегийг (socio-economic response) боловсруулсан ба иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн түвшинд авах арга хэмжээ ба олон талт хамтын ажиллагаа болон нийгмийн уялдаа зохицол ба олон нийтийн дасан зохицох явц гэсэн 5 тулгуур баганын хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна. Тус яамны зүгээс цар тахлын үед ажилгүйдлийг бууруулах, иргэдийг орлоготой байлгах, гадаадад байгаа монгол иргэдэд туслахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байна.
Тухайлбал, НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын 345,000 евро буюу 1,1 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар гадаадаас эх орондоо ирээд тусгаарлалтад байгаа охид, эмэгтэйчүүд, мөн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажиллагааны эрсдэлд нөхцөлд ажиллаж буй эмэгтэй төрийн албан хаагчдад 237,663,000 төгрөгийн өртөг бүхий 2490 ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг тараах төслийн нээлт энэ 8 дугаар сарын 21-нд боллоо.
Монгол Улс НҮБ-ын КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх Олон талт хамтын ажиллагааны итгэлцлийн сангаас 1,000,000 ам.доллар (нэг сая)-ын санхүүжилт авсан. Эл хөрөнгийг зайлшгүй шаардлагатай оношлуур, оношлогооны аппарат авах, мөн цахим сургалтын контент бэлтгэхэд зарцуулна. КОВИД-19 цар тахлын асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд батлагдсан нэр бүхий тогтоолуудад хамтран зохиогчоор оролцох, хамтарсан мэдэгдлүүдэд нэгдэх зэргээр идэвх санаачилга гарган ажиллаж байна.
Вакцин хөгжүүлэлт, хуваарилалт. Олон улсад вакцин хөгжүүлэлт, хуваарилалтын асуудлыг ГХЯ анхаарч ажиллаж байна. Ялангуяа хөгжүүлэлтийн явц, цаашлаад вакцин бэлэн болох тохиолдолд хэрхэн хуваарилагдах асуудлыг судалж, яамны удирдлага болон холбогдох албаны хүмүүсийг мэдээллээр ханган ажиллаж байна.
Олон улсад вакцин хөгжүүлэлтийн тухай:
- Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авсан мэдээллээр 8 дугаар сарын 20-ны байдлаар 139 вакцин туршилтын өмнөх шатандаа, 30 вакцин туршилтын шатандаа ороод байна. Туршилтын шатанд яваа 30 вакцины 3 нь 2 дугаар шатанд (Cansino, Anhui Zhifei Longcom, Curevac), 6 нь 3 дугаар үеийн туршилтад байна. (AstraZeneca, Pfizer/BioNTech, Moderna, Wuhan Institute of Biological Products, Sinovac Biotech, Sinopharm)
- ДЭМБ-аас мэдээлснээр өнөөдрийн байдлаар аль ч улсын вакцин туршилт бүрэн хэрэгжиж, үйлдвэрлэгдэх ажиллагаанд ороогүй байна.
- ДЭМБ-аас дэмжигдсэн вакциныг “COVAX Facilty”, “COVAX Facility AMC” вакцин худалдан авах олон улсын механизмаар дамжуулан түгээнэ.
- Туршилтад орсон вакцины аль нь амжилттай болох нь тодорхойгүй тул вакцины нэгж тунгийн үнийг тогтоох боломжгүй байна.
- “COVAX Facilty” механизмд хамрагдсан улс худалдан авах вакцины тунгаа урьдчилан мэдэгдэх үүрэгтэй бөгөөд эхний ээлжинд нийт худалдан авах тунгийн 15 хувьтай тэнцэх төлбөрийг урьдчилан шилжүүлэх учиртай.
- “COVAX Facility AMC” санхүүжилтийн механизмд хамрагдсан улсад үзүүлэх тусламжийн хэмжээг ирэх 9 дүгээр сард болох Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган 2020 оны 9 дүгээр сарын 15-нд эхэлж, Ерөнхий санал шүүмжлэл нь 9 дүгээр сарын 22-29-нд “Бидний хүсч буй ирээдүй, бидэнд хэрэгтэй НҮБ: Ковид-19-ийн эсрэг үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэх замаар олон талт хамтын ажиллагааны үзэл баримтлалыг хөгжүүлэх хүсэл зоригоо нотлох нь” сэдвийн дор үргэлжилнэ. Ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаарх Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, үг хэлнэ. 2020 онд НҮБ байгуулагдсаны 75 жилийн түүхт ой тохиож буй боловч цар тахлын онцгой нөхцөл байдалд болж байгаа тул гишүүн улсуудын төр, засгийн тэргүүн нар чуулганы хүрээний дээд, өндөр түвшний уулзалт, бусад зөвшөөрөгдсөн арга хэмжээний үеэр хэлэх үгээ видео хэлбэрээр урьдчилан бичиж явуулах юм. Түүнчлэн НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан Өндөр түвшний уулзалт (2020.09.22)-д Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үг оролцож хэлнэ. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр болох Биологийн олон янз байдлын тухай (2020.09.30) болон Дэлхийн Эмэгтэйчүүдийн IV бага хурлын 25 жилийн ойг тэмдэглэх Ерөнхий Ассамблейн өндөр түвшний уулзалт (2020.10.01)-уудад холбогдох салбарын сайд нар оролцоно.
Цар тахлын нөхцөл байдалд Хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа болох хэвийн явуулахад анхаарч ажиллаж байна.
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, Дэд сайд Б.Мөнхжин нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизовыг өнгөрсөн 7 хоногт хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа. Уулзалтуудын үеэр оны хоёрдугаар хагаст хэрэгжүүлэх боломжтой томоохон арга хэмжээнүүдийн талаар болон ирэх онд тохиох Монгол, Оросын хооронд Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх асуудлаар ярилцсан. 2021 оныг Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгон зарлаж, энэ чиглэлд хоёр талаас идэвхтэй арга хэмжээ авч ажиллах саналыг Н.Энхтайван сайд дэвшүүллээ.
ОХУ-д бүтээж бүртгүүлсэн вакциныг бөөнөөр үйлдвэрлэж эхэлсний дараагаар манай талд нийлүүлэх хүсэлтийг бид оросын талд албан ёсоор тавьсан байсан. Оросын талаас “Вакциныг гадаадын зах зээлд борлуулах ажлыг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан хариуцах бөгөөд тус Сан нь вакцин нийлүүлэх урьдчилсан захиалга авах, гэрээгээр үйлдвэрлэх, технологи шилжүүлэх, клиникийн туршилт хийх зэрэг асуудлаар гадаад түншүүдтэй яриа хэлэлцээ хийхэн бэлэн байна” гэдгээ мэдэгдлээ. Манай тал вакцины асуудлаар яриа хэлэлцээ хийх сонирхолтой тохиолдолд гэрээний нөхцөлийг /хэмжээ, хугацаа, төлбөр зэрэг/ тохиролцоход Оросын шууд хөрөнгө оруулалтын сантай шууд харилцах юм байна. Энэ саналыг УОК судалж, хариу өгөх болно. Цаашид энэ асуудлаар оросын талтай байнгын хэлхээ холбоотой ажиллах болно.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнгөрсөн хоёр 7 хоногт хүлээн авч уулзсан. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх хүрээнд хэрэгжүүлж буй нь Монгол, Хятадын хилийн боомтын “Ногоон гарц”-ын түр журам амжилттай хэрэгжиж байна. Тухайлбал, 3 дугаар сард Гашуунсухайт боомтоор нүүрс тээврийг сэргээх үед тус боомтоор өдөрт дунджаар 32 машин хил гарч байсан бол 4 дүгээр сард өдөрт дунджаар 108 машин, 5 дугаар сард 420 машин, 6 дугаар сард 478 машин, 7 сард 500 машин хил нэвтэрсэн. 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс манай жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр нүүрс тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байна. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 1012 машин, 18-ны өдөр 1027 машин, 19-ний өдөр 1035 машин, 20-ны өдөр 1068 машин нэвтэрсэн байна. Сэхээ боомтын тухайд, 7 дугаар сард дунджаар 450 машин гарч байсан бол 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс жолооч нар хятадын талд хонох нөхцөлийг бүрдүүлснээр өдөрт дунджаар 700 машин нэвтэрч эхлээд байна. Жолооч нарын хятадын талд хоноглох зочид буудлын нөхцөлийг сайжруулах, үнийг бууруулах хүсэлтийг дипломат шугамаар тавьж ирснийг харгалзан хятадын талаас Ганцмод боомтод 180 юань, Сэхээ боомтод 160 юань /оройн хоол, өглөөний цай багтсан/ -аар байрлуулах зохицуулалтыг хийгээд байна.
БНХАУ-д хандивлах 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байна. Өнгөрсөн 7 хоногт хоёр талын Ажлын хэсгийн цахим уулзалтыг ГХЯ-нд зохион байгууллаа.