МАХ, ХУУРАЙ СҮҮНИЙ КВОТ ХУВААРИЛАХ ЭРХИЙГ МҮХАҮТ-НД ШИЛЖҮҮЛНЭ

МАХ, ХУУРАЙ СҮҮНИЙ КВОТ ХУВААРИЛАХ ЭРХИЙГ МҮХАҮТ-НД ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцох уулзалт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд боллоо. Уулзалтад Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй Засгийн газрын гишүүд оролцлоо. Бизнес эрхлэгчдийн зүгээс төрийн үйлчилгээг нээлттэй, ил тод шилэн болгоход цаашид анхаарч ажиллахыг хүсч байлаа. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан экспортод гаргах мах, импортын хуурай сүүний эрх хуваарилах асуудлыг баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж ажилладаг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ингэснээр иргэд, аж ахуй нэгжээс хамгийн их санал, гомдол дагуулдаг махны квотын асуудал төр хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны хүрээнд нээлттэй, ил тод, шударга байдлаар хийгдэх боломж бүрдэж байна. Энэ шийдвэрийг “Төр квот хуваарилдаг, хувийн хэвшилтэй уралдаж бизнес хийх гэдэг байдлыг халсан, баялаг бүтээгчдийг, хувийн хэвшлийг бодитоор дэмжсэн оновчтой шийдвэр” хэмээн бизнес эрхлэгчид олзуурхаж байв. Энэхүү шийдвэрийг ойрын хугацаанд хууль, эрх зүйн хүрээнд зохицуулалт хийхээр ХХААХҮ-ийн яам ажиллаж байна.