БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛААР "МИК"-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

БХБ-ЫН САЙД Б.МӨНХБААТАР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ АСУУДЛААР "МИК"-ИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Сангийн яамны удирдлагууд Монголын ипотекийн корпораци ОССК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга тэргүүтэй төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар ипотекийн зээлийн хүүг бууруулах боломжтой эсэх талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Covid-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд тогтоосон хөл хорионы улмаас бизнес төдийгүй өрхийн орлого эрс буурч байгаа тул Монголбанк иргэдийн хэрэглээ, төлбөрийн чадварыг дэмжих үүднээс ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулах шийдвэр гарган ажиллаж байна.

Төр засгийн зүгээс барилгын салбараа дэмжих зорилгоор засгийн газрын мөрийн хөтөлбөртөө 150,000 айлын орон сууц үндэсний төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан ипотекийн зээлийн хүүг бууруулах нөхцөл боломжийг судлах, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

Уулзалтын үр дүнд төр,хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулж ипотекийн зээлийн хүү бууруулах асуудалд боломжит бүх нөхцлийг судлан харилцан хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.