Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим байгууллагын удирдлагыг томилов. Улс төрчдийн анхаарал татаж байсан Тагнуулын Ерөнхий газрын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга нарыг томилсон юм. Тагнуулын ерөнхий газрын даргаар тус газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан П.Одонбаатарыг томилов. П.Одонбаатар нь хэдхэн сарын өмнө ТЕГ-ын тэргүүн дэд даргаар очсон бөгөөд ийнхүү дээшээ тушаал ахив. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар дэмжсэн гэдэг мэдээлэл байна. ТЕГ-ын Тэргүүн дэд даргаар Н.Бат-Эрдэнэ, дэд даргаар С.Хүдэрчулуун нарыг томилсон байна.
Тагнуулын Ерөнхий газрын даргаар томилогдсон П.Одонбаатар нь 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 25 жил цэргийн байгууллагад ажиллаж байгаа нэгэн бөгөөд цэргийн хурандаа цолтой гэнэ.
Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газрын албаны дарга, 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын даргаар тус тус томилогдон ажиллаж байсан нэгэн.