Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгууль сар гаруйн дараа болно. Уг сонгуулиар УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан МАН ялалтаа баталгаажуулах зорилготой. Харин бусад намууд хэрхэн оролцох нь өөрсдөөс нь шалтгаалах юм. Ихэнх нь нэгдэж, нийлэх замаар уг сонгуульд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж буй. МАН ба бусад гэсэн тулаан өрнөх болно. Үүн дээр нэмээд захиалгатай бие даагчдийн эгнээ зогсч буй.
Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн МАН эвдрэлцэж эхэлжээ. Тус намын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар ажиллаж буй. Түүний хувьд Нийслэлийн МАН-ын хорооны дарга гэдэг утгаараа өөрийнхөө дур, зоргоор нэр дэвшилтээ тодруулж, мөн Нийслэлийн засаг даргад өөрийнхөө гар хөл болохуйц нэгнийг сойх бодолтой байгаа.
Харин нөгөө талд нь Нийслэлийн намын хорооны нөлөө бүхий гишүүн. Мөн МАН-ын гал тогоог манаж буй Д.Амарбаясгалан зогсч байна. Түүний хувьд мөн л Нийслэлийн удирдлагад өөрийнхөө нөлөөг хадгалж үлдэх сонирхолтой. Учир нь С.Амарсайхан гэдэг улс төрчийг Нийслэлийн засаг дарга болгох, М.Энхболдын гар хөл болсон хотын фракцыг Нийслэлийн удирдлагаас мултлах ажлыг хийсэн нэгэн. Энэ утгаараа Нийслэлийн намын хорооны дарга гэх сэтэр бүхий Д.Сумьяабазарт зүгээр нэг найр тавьчих аавын хүү биш. Харин ч инээмсэглэж суугаад бүх эрх мэдлийг гартаа атгах гэсэн бодол Д.Амарбаясгаланд буй. Тэр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын дараа орох хэмжээний нэр нөлөөг намдаа тогтоочихсон. Зарим шийдвэр дээр нөгөө хоёрынхаа өмнө ч гишгэж мэдэх юм. Иймээс Д.Сумьяабазарт зүгээр найр тавихгүй нь ойлгомжтой.
Нийслэлийн МАН-ын хорооны хувьд ИТХ-ын 45 төлөөлөгчийн хэдийг нь хэн нэр дэвшүүлэхээс бүх зүйл шалтгаалах болчихоод байна. Хэдийгээр Д.Сумьяабазар НИТХ-ын дарга Р.Дагва гэх улс төрчөөр толгойлуулан НИТХ-ын сонгуульд оролцох, цаашлаад Р.Дагва гэдэг улс төрчийн Нийслэлийн засаг даргад сойж буй гэх мэдээлэл байгаа.
Харин Д.Амарбаясгалан нь илүү залуу үеийн төлөөлөл дээр суурилж сонгуульд оролцохоор зэхэж буй юм билээ. Түүний хувьд Нийслэлийн засаг даргаар Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Хан-Уул дүүргийн засаг дарга Д.Алдаржавхлан нарыг сойж болзошгүй талаар бор шувуу МАН-ын байран дотор нисэх болжээ.
Ийнхүү Нийслэлийн МАН-ын хорооны удирдлага болон МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын ашиг сонирхол зөрчилдөж буй учраас хэрхэн эв зүйгээ олохоос шалтгаалж сонгуульд амжилттай оролцох эсэх нь шийдэгдэхээр байна.