МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АЖИЛЛАВ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АЖИЛЛАВ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яаманд ажиллаж, яамны хамт олонтой уулзав.

Уулзалтын эхэнд шинэ засгийн газар байгуулагдсанаас хойш 6 чиглэлд гол ажлаа хандуулан ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцууллаа. Тухайлбал Гадаад харилцааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг эхлүүлэв. Гадаадад буй иргэдээ цар тахлын үед татан авах чиглэлд гол ажлаа чиглүүлжээ. Уг ажлын хүрээнд 52 улсын албаныхантай яриа хэлэлцээрийг шат шатандаа хийсэн. Монгол улсаа төлөөлөн ажиллаж буй 45 дипломат төлөөлөгчийн газарт үүрэг чиглэл өгч, байнгын жижүүр ажиллуулж эхэлжээ. Мөн Гадаад харилцааны яаманд 24 цагийн шуурхай утас ажиллаж иргэдэд мэдээлэл өгч байна. 2020 оны 9 сарын 6 өдрийн байдлаар 19,991 иргэнийг татан авах ажлыг зохион байгуулав. Нутаг буцах хүсэлт гаргаж, зардалгүй болсон 215 иргэний зардлыг олон улсын байгууллагаар гаргуулах ажлыг Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж, эх орондоо иргэдээ авчрав.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Төрийн бүхий л байгууллагын гадаад бодлого “НЭГ ЦОНХ”-ны зарчмаар хэрэгжүүлэх шаардлагатай байгааг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван онцлов. Уг ажлын хүрээнд “Гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах нь” сургалтыг Яамдын дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, гадаад харилцаа хариуцсан албан хаагчийг хамруулан зохион байгуулах ажлыг хийсэн тухайгаа танилцууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх уг санаачлагыг дэмжиж буйгаа илэрхийлж, Монгол Улсын гадаад харилцааны бүх бодлого Гадаад харилцааны яамаар дамждаг байх ёстой, түүнээс аймаг, нийслэлийн удирдлага, УИХ-ын гишүүн бүр тусдаа гадаад бодлого яриад явж болохгүй, Монгол бол нэгдсэн нэг улс. Энэ утгаараа гадаадад бид нэг л үг, нэг л зарчимтай байх ёстой гэдгийг анхаарууллаа.

 

 

Гадаад харилцааны салбарын нэр хүндийг өсгөх чиглэлийн хүрээнд тодорхой арга хэмжээ авсан тухайгаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танилцууллаа. Дипломат төлөөлөгчдийн газруудад хууль бус үйлдлээс ангид байх албан даалгавар хүргүүлсэн. Мөн дипломат ажилтнуудын зорчих маршрутын сар бүр тайлан хэлбэрээр авч, тодорхой хяналтыг тавьж, сайжруулсан. Дипломат дугаартай авто машины хөдөлгөөнийг хянах зорилгоор бүх машинд чип суулгах ажлыг хийжээ. Энэхүү ажлыг богино хугацаанд зохион байгуулсанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны удирдлагад талархаж буйгаа илэрхийлж, Дипломат албан хаагч хууль бус асуудалд нэр холбогдох ёсгүй. Гадаадад уг буруу үйлдлийг Монгол улс гэж хардаг. Иймээс өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдлыг давтахгүй байх нь та бүхний үүрэг гэдгийг санууллаа. Дипломат албаны нэр хүндийг өсгөх үүднээс байнгын сургалтанд хамруулах чиглэл барьж буйгаа Гадаад харилцааны сайд Н.Энхтайван тодотгосон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Монгол Улс импортлогч улсаас экспортлогч улс болно. Улс орныхоо эдийн засгийг өрийн дарамтгүй, өрсөлдөх чадвартай, бүс нутгийн худалдааны идэвхтэй оролцогч болгохын тулд дотоодын үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах үүд хаалгыг нээж өгөх шаардлагатай байна.

Энэ ажлыг гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй. Иймд Гадаад харилцааны яам, төр, засгийн төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог нэгдмэл бодлогоор ханган гадагшаа харилцаж, Экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлэхэд гадаадын түншүүд болон олон улсын байгууллагуудын оролцоог хангаж ажиллах асуудал чухал байна.

Газрын тос боловсруулах үйлдвэр, ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолой барих зэрэг түүхэн бүтээн байгуулалтууд биеллээ олоход ойрхон байгаа ч гадаад хүчин зүйлийн нөлөө, гадаад талын дэмжлэг туслалцааны үндсэн дээр хэрэгжих тул гадаад харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой, тууштай байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны ажилчидтай уулзалт хийсний дараа тус яамны архивын газар болон 16-р цэцэрлэгийн харьяа Гадаад харилцааны яамны цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.