Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын холбогдох албаныхан өнөөдөр Сэлбэ дэд төвийн хүрээнд баригдсан 240 хүүхдийн ортой цэцэрлэгт ажиллалаа.
Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд нийслэл хотод зургаан дэд төвийг бий болгох суурь инженерийн дэд бүтэц, нийгмийн барилга байгууламжуудын ажлыг хийж гүйцэтгэж байгаа. Тус төслийн хүрээнд долоон цэцэрлэг баригдах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд өнөөдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн ортой 280 дугаар цэцэрлэгийг хүлээн авлаа.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Улс, нийслэл, олон улсын байгууллагуудтай хамтарч 2020 онд 100 орчим сургууль, цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 27 сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. Азийн хөгжлийн банк НЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй зургаан дэд төвийн ажлын хүрээнд энэхүү цэцэрлэгийг хүлээн авч байна. Энэ онд Баянхошуу, Сэлбэ төвийг иргэддээ хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа. Иргэд эдгээр төвүүдээс төрийн үйлчилгээг авахаас гадна ажлын байрыг нэмэгдүүлэх, гарааны бизнесийг хөгжүүлэх инновацын төвийг байгуулсан. Цаашид Дэнжийн-1000, Дамбадаржаа, Шархад, Толгойт дэд төвүүдийн ажил үе шаттайгаар хийгдэнэ” хэмээлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Өнгөрсөн дөрвөн жилд боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн. Сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвийг байгуулах гэх мэт 105 төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотын “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд долоон цэцэрлэг барьж ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд 280 дугаар цэцэрлэг бол хоёр дахь нь юм” гэдгийг онцлон хэллээ.
280 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Батчимэг “240 хүүхдийн ортой, 10 бүлэгтэй энэхүү цэцэрлэг маань 40 багш, ажилтнуудтай үйл ажиллагаагаа явуулна. Дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байгаад баяртай байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэв.
Дашрамд дурьдахад, Азийн хөгжлийн банкнаас гал тогооны хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, угаалга, хатаалгын өрөөний тоног төхөөрөмж, бүх ангийн хүүхдийн хувцасны шүүгээ, хүүхдийн ор, цагаан хэрэглэл болон багш, хүүхдийн ширээ сандалаар ханган иж бүрэн тохижуулан хүлээлгэн өгч байгаа юм. Сэлбэ дэд төвд цэцэрлэгийн насны нийт 3432 хүүхэд байгаагаас 1674 нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа юм. 280 дугаар цэцэрлэг ирэх аравдугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлснээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны хүүхдүүд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс