Улсын онцгой комисс хорио цээрийн дэглэмээ үргэлжлүүлэх шийдвэрт хүрч Засгийн газрын хуралдаанаар батлуулав. Хил хаасан хорио цээрийн дэглэм 10 дугаар сарын 31 өдрийг хүртэл үргэлжлэх юм байна.
Харин энэ сарын 16 өдрөөс эхлэн Монгол улс доторх бүх хөл хорио цуцлагдаж, хэвийн горимд шилжих болжээ. Мөн 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт сургана гэнэ. 9 дүгээр сарын 1 өдөр бүх цэцэрлэг хүүхдээ авахад 2 настай 80 орчим мянган хүүхдийг гэрт нь үлдээж бэлэг барив. Энэ бэлгийг өнөөх л гайхал УОК шийдсэн.
Цар тахал дуусах болоогүй, 2 настай хүүхдийг гэрт нь үлдээх нь зөв гэх мэтээр тайлбар хийж, шийдвэрээ зөвтгөж байв. Гэвч 7 хонохгүй өнөөх шийдвэртээ өөрчлөлт оруулах ажлыг УИХ-ын гишүүдээр гардан гүйцэтгэсэн билээ. Тэр нь 2 настай хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах байв. Энэхүү ажлыг үг дуугүй сайн гүйцэтгэсэн гишүүд өөрсдөдөө алга ташиж, үнэхээр том ажил амжуулчихсан мэт хөөрцөглөж байв.
2 настай хүүхдийг гэрт нь үлдээх, цаашлаад улсын төсөвт тодотгол оруулж, хүүхэд харах үйлчилгээнд 2 настай хүүхдийг хамруулах лобби явчихсан гэж өнөөдөр харагдаж байна. Нэг үгээр хэлбэл төрөөс хэдэн төгрөг хумслах гэсэн башир аргатай нэг хэсгийн эрх ашгийг хангахын тулд 80 мянган хүүхдийн хувь заяа, тэдний эцэг эхийн ажил хөдөлмөрөө зохицуулах цаг хугацаагаар улс төрчид, УОК-ийнхон наадчихсан. Өнөөдөр 9 дүгээр сарын 13 өдөр. Хичээл сургууль эхлээд дөнгөж 13 хоног өнгөрч байна. Хоёр ч долоо хоног бүтэн хичээллэж амжаагүй байхад цэцэрлэгт 2 настай хүүхдийг хамруулж болно хэмээн хэнэггүйхэн хэлж суугаа Улсын Онцгүй комиссийн шийдвэрт “салаавч” өгмөөр болж байна.
Бүх цэцэрлэг 2020-2021 оны хичээлийн төлөвлөгөөгөө гаргаж 2 настай хүүхдийг энэ удаад авахгүй байхаар анги дүүргэлтээ хийчихсэн. Нэг үгээр хэлбэл өнөөдөр аль ч цэцэрлэгт 2 настай хүүхдийг хамруулах орон зай байхгүй. Тэр дундаа улсын гэх тодотголтой цэцэрлэгт 2 настай хүүхдийн анги байхгүй. Харин оронд нь өөр настай хүүхдийн анги байгуулж, хүүхдийн тоогоо тултал нь авчихсан байна. Иймээс 2 настай хүүхэд Улсын онцгой комисс цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан гэж мянга хашхирсан ч боломж байхгүй. Угаасаа Улсын онцгой комисс урагшлах бус ухарсан алхам хийхийн тулд олон түмэнд онцгүй, урагшгүй хандах гэж 2 настай хүүхдийг хэд хоног ялгаварлан гадуурхсан биз.
Улсын онцгой комисс лоббид автчихсан гэмээр хэдхэн хоногт хэчнээн ч эргэж буцсан шийдвэрийг гаргачхав. Энэ бүхний цаана 2 настай 80 мянган хүүхдээр бизнес хийх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн ашиг сонирхол давамгайлж, ард олон бол зүгээр л цагаан цаас гэх чичлэлт үйлчлэв бололтой. Өнөөдөр сайн дүр эсгэж, сайрхаж 2 настай хүүхдийг цэцэрлэгт авна гэж мянга хашхирч, бас хэдэн ч удаа тогтоол шийдвэр гаргасан тэрхүү шийдвэр чинь амьдрал дээр хэрэгжихгүй болчихлоо. 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгт 200 хүүхэд авчихсан. Гэхдээ тэр дотор нэг ширхэг ч 2 настай хүүхэд байхгүй. Бүгд 3-5 настай хүүхэд байна. Ийм нөхцөлд хаана, ямар цэцэрлэгт хүүхдээ өгөх вэ? Ингэж л олон түмнээр тохуурхаж, онцгүй шийдвэр гаргаж, олон нийтийг төөрөгдүүлээд байгаа Улсын онцгой нэртэй комисс салаавч өгөхөөс өөр арга алга даа.