Монголын үндэсний бөхийн эрүүл өрсөлдөөн, цэвэр тэмцэл гэж хардаг цаг өнгөрсөн. 1990-ээд оны сүүл үеэс эхлэн Монголын үндэсний бөхөд хар бараан сүүдэр ноёрхож, жалга довны үзэл хэрээс хэтэрч, жинхэнэ утгаараа хөгжих бус ар өврийн хаалга, албан тушаалтны нөлөө, араасаа хар мөртэй допинг гэх мэт олон асуудал бий болж эхэлсэн гэдгийг бөхийн хорхойтнууд бүгд мэддэг. Тэр дундаа бөхчүүд энэ бүхэнтэйгээ эвлэрч, өөрсдөө энэхүү хорондоо идэгдэж, эрүүлээр сэтгэх бус “ ИЙМ Л БАЙХ ЁСТОЙ” гэх ухагдахуунд автчихсан билээ.
Монголын үндэсний бөхөөс допинг илэрчихлээ гэж сүүлийн 3 жил хэвлэлээр шуугих болов. Үүнд нь хачир нэмж сошиалаар ч шаагих боллоо. Үнэн хэрэгтээ допинг гэгч нь 2000 оны дунд үед жинхэнэ утгаараа цэцэглэж, Үндэсний бөхөд ноёрхож, сүлжээгээ үүсгэж бий болсон зүйл гэдгийг бөхчүүд шивнэлддэг. Амжилт гаргачих боломжтой, бяр тэнхээгээ нэмэх хүсэлтэй залуу бөхчүүд олдсон тав арван төгрөгөө бариад л допинг нийлүүлэгч нарт очиж мөнгө, биеэ тушаадаг байсан тухай бөхчүүд ам уралдан өгүүлдэг.
Сүүлийн хоёр жил Үндэсний их баяр наадмын дээгүүр даваанд барилдсан бөхчүүдээс илэрчихлээ хэмээн олон нийт шаагиж байна. Үндсэндээ допинг гэгч нь шинэ зүйл биш юм. Өнгөрсөн жилийн наадмын түрүү бөх Э.Оюунболдоос допинг илэрсэн гэх мэдээлэл гарч, тэрээр үгүйсгэж өнөөдрийг хүрэв. Харин энэ жилийн үзүүр бөх Н.Батсууриас мөн л допинг илэрлээ. Тэрээр өнөөдөр Хэвлэлийн бага хурал хийж, буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ зориуд хэрэглэсэн зүйл байхгүй. Хоол ундтай холилдсон байх магадлалтай. Гэхдээ уучлал хүсч байна хэмээн бөхийв.
Допинг гэдэг зүйл үндэсний бөхөд Үндэсний их баяр наадам болдоггүй 7 дугаар сараас бусад бүх саруудад байдаг. Тэр дундаа хүчний бэлтгэл базаахдаа бөхчүүд их бага хэмжээгээр допинг хэрэглэж, бэлтгэлээ базаадаг гэх юм билээ. Ихэнх бөхчүүд өвлийн цагт допингийн орцтой нэмэлт бүтээгдэхүүн, тариа зэргийг хэрэглэж, биеийн хүч тамир, бяр чадал, жин зэргээ нэмэгдүүлдэг. Гагцхүү хэзээ хэрэглэж, хэрхэн хугацаагаа тооцож, хэзээ нь шинжилгээ өгөхөд гарахгүй байх вэ гэдгийг л нарийн мэдэрч, бас тооцоолох нь тэдний ажил.
Үндэсний бөхийн том цолтой бөхчүүд бид хүүхэд биш. Наадамд анх удаа өндөр даваанд барилдаж буй хэрэг биш гэх мэтээр биеэ өмөөрч харагддаг. Үүний цаана алдаа гаргачих хүмүүс бид бишээ л гэдгээ хэлээд буй хэрэг. Допингийн шинжилгээнд бүдэрсэн ихэнх тамирчид гагцхүү шинжилгээ өгөх цаг хугацаа, мөн биеэс уг бодисоо гадагшлуулах эм бэлдэл зэргээ буруу хэрэглэсэн, эсвэл дутуу тооцсон зэргээс л үүдэлтэй тухай ярьдаг юм билээ.
Өнөөдөр цолонд зүтгэж буй залуу бөхчүүдийн дийлэнх олонх нь допингоор хүч, бяраа нэмэгдүүлж, жингээ өсгөж буй. Тэднийг энэ замд оруулдаг гайхалтангууд нь өнөөх л өндөр цолтой бөхчүүд нь байдаг нь гашлантай. Допинг гэдэг зүйл босч эхлэхтэй зэрэгцэн барилдахаа больж, бас дээд даваанд очиж барилдахгүйгээр доогуур унаж, хэн нэгэнд дээшээ явах гишгүүр болоод хэвтэж байдаг бөхчүүд ч бий болсон билээ. Үндэсний бөх бол үнэн хэрэгтээ допингийн сүлжээ гэж хэд хэдэн бөх ярих юм билээ.