Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс Дархан, Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Энэ үеэр сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.
“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг тодорхойлжээ.
З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллахаа мэдэгдэв.
Сайд З.Мэндсайханы салбартаа хийж хэрэгжүүлэх онцлох ажлуудаас нэрлэвэл,
“Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аянаар, • 2020 онд 117.4 сая литр сүүний үйлдвэрлэлийг дотоодоос хангаж байгаа бол цаашид 200 сая литрт хүргэнэ. • Гурилын хэрэгцээгээ дотооддоо бүрэн хангаад зогсохгүй, гадаадын оронд 200 мянган тонн гурилыг экспортолно. • Өндөгний хэрэгцээнийхээ 52 хувь буюу 178 сая ширхгийг дотооддоо үйлдвэрлэж байгааг 90 хувьд хүргэхийг зорьж байна. • 2020 оны байдлаар төмс100 хувь, хүнсний ногооны хангамжийн 56 хувийг хангаж байгааг цаашид бүрэн хангахаар төлөвлөж байна. “Монгол мал” үндэсний хөтөлбөрөөр, • Махны экспортын өнөөгийн түвшин 58.6 мянган тонн байгааг 3 дахин нэмэгдүүлнэ. • Тариалангийн бүс нутгийг эрчимжсэн мал ахуйн бүс нутаг болгон хөгжүүлэх юм. • 10 сая ширхэг арьс шир, 10 мянган тонн ноос, 3 мянган тонн ноолуур боловсруулах хүчин чадалтай Дархан арьс ширний цогцолбортой болсноор малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэ цэн өснө. • Ховд аймагт баригдаж буй “Шинэ Ховд”үйлдвэрлэл технологийн парк нь 3 мянган тонн ноос ноолуур боловсруулах, 3 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай.