Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн 34 хувийг орлуулах нөөц ашигласны тусгай төлбөр нь 3-аас доошгүй хувь байх талаар УИХ-ын холбогдох Байнгын хороонд танилцуулахаар тогтлоо.
Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оржээ.
Сануулахад УИХ-ын 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор Гацууртын ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулсан. Мөн УИХ-ын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ ордод Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 34 хувиар тогтоосон. Эдгээр тогтоол гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжуудаар байгуулагдсан Ажлын хэсэг ордыг эзэмших, Орд ашиглах гэрээ болон Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийж байсан ч зогсонги байдалд ороод байсан юм.