МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 75 ДУГААР ЧУУЛГАНЫ ЕРӨНХИЙ САНАЛ ШҮҮМЖЛЭЛД ҮГ ХЭЛЭВ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн 9 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанд үг хэлж, манай улсын олон улсын харилцааны асуудлаарх байр суурийг илэрхийлж, гадаад бодлогын зорилт, чиглэлүүд, КОВИД-19 цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулган дэлхий нийтээрээ КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэж буй цаг үед болж байгааг тэмдэглэж, олон талт хамтын ажиллагааны үүрэг улам өсөж, эв нэгдэл, хамтын ажиллагаанд суурилсан, илүү уялдаатай, үр дүнтэй хариу арга хэмжээг цаг алдалгүй авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах, хэрэгжүүлэх зорилт тулгарч байгааг онцлов.
Тэрээр Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх үйл ажиллагааны 10 жил эхэлж буй энэ онд дэлхий даяар КОВИД-19 цар тахлын хязгаарлалт, хорио үйлчилж, учирч байгаа саад бэрхшээлийг ужигруулан, 2015 оноос хойших ахиц, дэвшлийг зарим талаар ухраах эрсдэл үүссэнийг тэмдэглэж, хөрөнгө нөөц багатай, нийгмийн хамгааллын тогтолцоо султай хөгжиж буй орнуудад аюулт цар тахалтай тэмцэх, сэргээн босгоход зориулж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, өндөр хөгжилтэй орнуудад уриалав.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 75 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэл 9 дүгээр сарын 22-29-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейд хэлсэн үг