Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг зурж эхэлсэн мэдээлэл саарал ордонд цуурайтах боллоо. Маш нууц хэлбэрээр эхлүүлж байгаа энэхүү ажлыг санаачлагч нь МАН-ын гишүүд гэсэн мэдээлэл дуулдаж байна. Сонгуулийн дараах бялуу хуваалтаас багахан зүсэм хүртсэн. Ихэнх хүмүүсдээ ажил албан тушаал хүртээж чадаагүй фракцын зүгээс энэ ажлыг эхлүүлсэн байж болзошгүй гэсэн дүгнэлтийг нэг хэсэг нь хийж байна. Харин нөгөө хэсэг нь МҮОНРТ-ийн Ерөнхий захиралын сонгон шалгаруулалт дээр М.Энхболдод шахалт үзүүлэхийн тулд ийм аргыг хэрэглэж эхэллээ гэж харж байна. МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболдын хувьд МҮОНРТ-ийн Ерөнхий захиралд Нинжжамцыг дэмжиж байгаа. Харин хуучин тус намын лидер С.Батболдын хувьд Алтанцэцэг, Болормаа нарын сойсон сураг дуулдах болов. Уг зөрчилдөөн Ерөнхий сайдыг огцруулах гэсэн оролдого уялдаатай байх гэсэн жижиг таамаг явж байгаа. Магадлал бага
Хэдийгээр ийм таамаг яваа ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг ярих. Нөгөө талдаа хэрэв дэвшүүлэх боломжийг бүрдүүлэх юм бол дараагийн намын дарга хэн болох асуудлыг ярьж шийдэхийн тулд энэ удаагийн улс төрийн тоглолтыг өрнүүлж нэг хэсэг нь хүчээ зузаатгах гэсэн оролдого гэж тайлбарлаж байна.
Засгийн газрыг огцруулах хүсэлтэй улс төрчид бол Сү.Батболд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр нарыг гэж нэрлэх хэсэг ч бий. Тухайлбал:
Сү.Батболд засгийн газрыг огцруулах хэд хэдэн шалтгаан байж болзошгүй. Нэгд одоо хүртсэн бялуу нь тэдний фракцын хүчийг маш их сулруулж буй. Хэрэв МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялалт байгуулсан нөхцөлд тус намын даргын төлөөх эрх мэдлийн тулаан өрнөнө. Үүнд мань хүн эртнээс бэлдэхийн тулд хүчээ зузаатгах ёстой. Гэтэл өнөөдөр тэдний хүч маш сул байна. Иймд хүчтэй болохын тулд засгийн айлгах, эсвэл засгийг унагааж өөрсдөө эрх мэдлийг гартаа авах гэж зүтгэж байна. Сү.Батболдын фракц УИХ-д 13 хүний бүрэлдэхүүнтэй. Хэрэв Сү.Батболд фракцаа бүрэн зангидаж чадах юм бол Засгийн газрыг огцруулах боломжоо бүрдүүлж чадна. Сү.Батболдын фракцаас Засгийн газрыг огцруулах саналаас татгалзах 2 л хүн бий. Нэг нь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа. Нөгөөх нь Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил. Энэ хоёр эрхэмийн хувьд хөшигний цаана зөвшөөрсөн ч наанаа бол байгаа албан тушаалдаа хүлэгдэн татгалзах нь гарцаагүй. Харин үлдсэн 10 хүний хувьд зөвшөөрөх магадлал маш өндөртэй. Тэр дундаа МСS группийн угшилтай улс төрчид, бизнес эрхлэгчид байгаа учраас асуудлыг илүү бизнес сэтгэлгээгээр харна. Тэдэнд ташуур өгөх үндэслэл нь Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах гэсэн М.Энхболд ба түүний фракцын тоглолтыг таслан зогсоох алхам байж болзошгүй.
Засгийн газрыг огцруулах хүсэлтэй нөгөө нэг фракц нь У.Хүрэлсүхийн талынхан. Тэдний хувьд шууд ил гараад туг мандуулахгүй ч цаагуураа Сү.Батболдтой нэгдэх магадлал маш өндөр гэж дуулдаж байна. Сэм хувилдаанаа эхэлчихсэн явж байгаа сурагтай. Тус фракцаас Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд ил гарч тоглох магадлал маш өндөр.
Эдгээрээс гадна Ө.Энхтүвшин, Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн, Д.Тэрбишдагва, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд Засгийн газрыг огцруулах, үгүй юм аа гэхэд зарим сайдыг суудлаас нь ховхлох аргыг сүвэгчлэн зүтгэх нь гарцаагүй юм. Үүнийгээ ч тэд ил хэлэх болжээ.
Одоогийн байдлаар Засгийн газрыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зурсан мэдээлэл байна. Сөрөг хүчний 9 гишүүн дээр нэмэх нь О.Баасанхүү гэж үзвэл МАН-ын 10 гишүүн гарын үсэг зурчихсан гэсэн үг. Мөн тооны гишүүн зурахад бэлэн байгаа сураг дуулдаж байна.
Засгийн газрын хувь заяаг 2 сарын эхээр буюу ирэх 7 хоногт хөндөж болзошгүй мэдээлэл дуулдаж байгаа юм.