Монгол улсын ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг өгсөн мэдээлэл дуулдаж байна. Гэхдээ түүнийг ямар нэгэн хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаагүй гэдгийг тус байгууллагын эрх бүхий албан тушаалтан мэдэгдлээ. Харин нэгэн хэрэгт гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байсан учраас дуудаж мэдүүлэг авсан гэсэн шум дуулдаж байгаа юм.
Хөгжлийн банкны хэргийг авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Уг хэргийн дагуу Ч.Сайханбилэг Ерөнхий сайд асангаас гэрчийн мэдүүлэг авсан байх магадлалтай гэж зарим эх сурвалж өгүүллээ. Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий улс төрчид Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулан мөнгө завшсан үйлдэл бүхий хэрэг хөгжлийн банкны хэрэгтэй давхар шалгагдаж байгаа бололтой. Энэ дагуу Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэгээс гэрчийн мэдүүлэг авах шаардлага гарсан байж болзошгүй гэж нэгэн албан тушаалтан хэллээ.
Ч.Сайханбилэгийн хувьд АТГ-д хэд хэдэн удаа дуудагдаж очих бололтой. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсан асуудлыг мөн АТГ шалгана. Энэ үед Ч.Сайханбилэг гэрчийн мэдүүлэг өгөхөөр дахин ирж болзошгүй гэсэн явган яриа мөн л улс төрчдийн дунд гараад байна.