ГОВЬД УРГАСАН УЛААН ЛООЛЬ БОЛ НОГОО БИШ ЖИМС ЮМ

ГОВЬД УРГАСАН УЛААН ЛООЛЬ БОЛ НОГОО БИШ ЖИМС ЮМ

Өмнөговь аймгийн Булган суманд ургасан улаан лоолийг монголын хамгийн сайхан амттай лооль гэж олон хүн ярьдаг. Говийн илчит нар, Булган голын ус хоёр энэ нутагт тарьсан ямар ч ногоог сайхан амттай болгодог гэж нутгийн ногоочид үздэг.

Булган сумын “Анхсан” хоршооны дарга Ц.Поль:Манай “Анхсан” хоршоо бол малчид болон ногоочидын хамтран байгуулсан хоршоо юм. Одоо бараг 20 жил болох гэж байна. Малчид нь ногоочдынхоо малыг маллана, ногоочид нь малчдаа хүнсний ногоогоор хангадаг. Бид ургамалын тос, элсэр чихэрээс бусдыг өөрсдөө бүтээж байна. Улаан лооль, өргөст хэмх, тарвас, сармис, амтат чинжүү, хулуу, хаш гээд 10 гаруй төрлийн нарийн ногоо тариалдаг. Манай ногоо их амттай. Учир нь Говь гурван сайхан уулаас эхтэй Булган рашаанаар хүнсний ногоогоо усалж байгаад л хамаг ид шид нь байгаа юм. Манай сумын брэнд бүтээгдэхүүн болсон улаан лооль бол маш өвөрмөц, яг л жимс шиг час хийсэн амттай гэдгийг Өмнөговь төдийгүй Улаанбаатарын зарим хүн мэддэг болсон.

Өмнөговь аймгийнхан Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжсэн нэгэн шинэлэг ажил зохион байгуулжээ. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюу толгой”ХХК, Говийг Оюу хөгжлийг дэмжих сантай хамтран “ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгж, хоршоодыг дэмжиж төрөл бүрийн сургалтанд хамруулж, шаардлагатай санхүүгийн дэмжлэг ч үзүүлдэг. “Анхсан” хоршооныхон энэ хөтөлбөрт хамрагдаж, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нэмэгдүүлэх санхүүжилт авчээ. Гараар хийдэг байсан олон ажлыг одоо техникээр хурдан шуурхай хийдэг болжээ.

“Анхсан” хоршооны гишүүн С.Цэцэгдулам: Говийн нар, хөрс шороо бол маш  шим тэжээлтэй учраас бидний тарьсан ямар ч ногоо, жимс амттай байдаг. Бид сумыхаа брэнд болсон улаан лооль бусад ногоогоор Улаанбаатарт болдог үзэсгэлэн худалдаанд байнга оролцдог. Тэр ч бүү хэл хотоос зорьж ирж, өвлийнхөө ногоог авдаг, захиалдаг хүмүүс ч байна. Ногоочид бидэнб хэрэгтэй цаг үед сургалт зөвөлгөө өгч, техник, тоног төхөөрмжийн дэмжлэг үзүүлсэн Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой компани, Говийг Оюу хөгжлийг дэмжих сангийн хамт олондоо баярлалаа. Нүдээ олсон сайхан хөтөлбөр болж чадсан.

Анхсан хоршоо жилдээ 60 орчим сая төгрөгийн борлуулалттай. Бэлэн байгаа нөөц, боломжоо ашиглаж хүнд хэрэгтэй зүйл бүтээхийг говьчууд зорьж байна. Хөдөлмөрч, бүтээлч хүнийг бурхан шагнадаг гэж Булганыхан хэлж байна. Булган суманд 1942 оноос анх хүнсний ногоо тариалж эхэлсэн. Харин 1959 онд“Туяа” нэгдэл байгуулагдаж өнөөдрийг хүртэл энэ сумын бараг иргэн бүр тариаланч болжээ.