Төв, суурин газрын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор их болон урсгал засварын ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн явцад гарах хүндрэлийг шуурхай зохицуулж, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна.
Энэ хүрээнд Засгийн газар “Төв, суурин газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 69 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Төвлөрсөн хот, суурин газруудын хэрэглэгчдийн шугам, сүлжээ гэмтэлтэй, засвар үйлчилгээ дуусаагүй байгаа тул халаалт залгалт 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Харин аймгийн төвүүдийн дулааны цахилгаан станц, халаалтын зуухны газруудын өвөлжилтийн бэлтгэл хангах засвар, шинэчлэлийн ажлын явц 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Боловсролын салбарын хувьд 36 сургууль, 27 цэцэрлэг, 10 дотуур байр, орон нутагт 3, нийт 73 их засварын ажлыг 20.6 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн бол 8.6 тэрбум төгрөгийн 27 их засварын ажил үргэлжлэн хийгдэж байна.
Эрүүл мэндийн салбарын хувьд 2020 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 12.8 тэрбум төгрөгийн 57 ажлыг хийж гүйцэтгэж байна. 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 16 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн 3 дүүргийн эрүүл мэндийн байгууллага, тэдгээрийн харьяа 7 байгууллагын засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 92.3 хувьтай байна.