Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцаж, БШУЯ болон харьяа байгууллагуудын удирдлага албан хаагч, багш ажилтнуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр хүүхэд бүрийг эрүүл чийрэг, монгол хүн болгож төлөвшүүлэхэд анхаарч ажиллах, монгол хүүхэд эх орныхоо хаана сурч байгаагаас үл хамааран ижил түвшинд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн сурах эрхийг хангаж ажиллахыг боловсролын салбарынханд чиглэл болгосон юм. Мөн багшийн ур чадварыг хөгжүүлж, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэргийг үүрэг болгосон юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ үеэр Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан БШУЯ-наас зохион байгуулж буй “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнгээр зочиллоо. БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, технологийн дэвшил, мэдээллийн хурдацтай өсөлт нь сурах үйл ажиллагааны мөн чанарыг эрс өөрчилж, улам бүр хувь хүнд чиглэсэн, хамтран бүтээх шинжтэй болж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага, аж ахуйн нэгж оролцож, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа цахим технологийн дэвшил, бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх багц мэдээллийг
багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эх, сурагч, оюутнуудад зориулан танилцуулав.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдах багш нарт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон сууцны батламж гардуулж, баяр хүргэлээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед боловсролын салбарын үйл ажиллагаа, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, теле хичээл заах, зохион байгуулахад өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан үр дүнтэй ажилласан 10 багш ийнхүү орон сууцтай болж байна.