Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэн В.Өнөрзаяа ингэний сүүгээр саван хийжээ. Түүний хүү төрөлхийн арьсны эмзэгшилтэй төрсөн учраас импортын саванд хордоод байжээ. Тиймээс эрэл хайгуул хийж байгаад ингэний сүүгээр хүүдээ тохирох саванг бүтээжээ.
“АНИРУЛ” брэндийг санаачлагч В.ӨНӨРЗАЯА: Би хүүгийнхээ арьсанд тохирох саванг бүтээснийхээ дараа над шиг асуудлатай олон ээж аавуудад туслах хүсэл төрсөн. Тэгээд байгалийн гаралтай, органик, эмчилгээнийзориулалттай “Анирул” гэдэг гоо сайхны брэндийг гаргахаар болсон юм. Харин тэр үед аз таарч Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Оюу толгой компани, Говийг Оюу хөгжлийг дэмжих сангийн хамтран хэрэгжүүлж байгаа “ЖДҮ эрхлэгчдийг чадавхжуулах” хөтөлбөр миний төслийг их дэмжсэн. Өмнөговийн брэнд бүтээх уралдаанд “АНИРУЛ” маань гуравдугаар байрт орж, 10 сая төгрөгөөр шагнуулсан. Мөн Даланзадгад хотын бизнесийг дэмжих “БИГ” төвийн сургалтанд сууж, бизнесээ өргөжүүлэх, тэлэх, тогтвортой ажиллах гээд төрөл бүрийн сургалт зөвлөгөөг авч, говь нутгийнхаа олон үйлдврэлэгчтэй хамтран ажиллах болсон. Энэ хөтөлбөрийнхөө бүх хүмүүст баярлаж явдагаа илэрхийлэе.
Ингэний сүүнээс гадна чацаргана, сулхир, ганга, Гурвантэсийн давс хужиртай гээд эмчилгээний болон гоо сайханы 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөтөлбөрөөс авсан 10 сая төгрөгөөрөө тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүчин чадлыг нь 3 дахин нэмэгдүүлжээ. Мөн В.Өнөрзаяа БНСУ-ын Олон улсын “Арома терафи”-ийн академид Софт артистаар онлайнаар суралцаж төгсөөд, гадаадад багшлах эрхтэй болжээ. “АНИРУЛ” брэндээр Өмнөговио хангаад зогсохгүй дэлхийд нэртэй брэнд болгоно. Бас “АНИРУЛ” брэндээрээ софт артистчиглэлийн том үзэсгэлэн гаргах мөрөөдөлтэй гэж ярьж байлаа.