Сүүлийн жилүүдэд сошиал хэрэглэгчид клуб, төрийн бус байгууллага байгуулан нийгмийн амьдралд идэвхийлэн оролцох болсон. Тухайлбал, жиргээчид нэгдэн “20к” клуб байгуулсан юм байна. Тус клубын залуус хүүхэд, багачуудад зориулан гар ариутгагч бодисын ухаалаг сав зохион бүтээжээ. Ийнхүү сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудын үүдэнд байдаг гар ариутгагчийн хуванцар савыг өөрөө мэдрэгчтэй, ухаалаг болгох шийдлийг санал болгож байгаа аж. Тэд эхний ээлжид хүүхэд асран хамгаалах “Өнөр бүл” төв болон хэд хэдэн цэцэрлэгийг сонгож энэхүү ухаалаг төхөөрөмжээ бэлэглэх гэнэ. Энэ талаар “20к” клубийг үүсгэн байгуулагч Г.Энхболдтой цөөн хором ярилцлаа.
-Коронавирусийн цар тахлын үед байгууллага бүхэн үүдэндээ гар ариутгагч байрлуулж байгаа. Харин та бүхнийг гар ариутгах “ухаалаг” сав зохион бүтээсэн гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-ЦАР ТАХЛЫН ЭНЭ ҮЕД БИД “20К” КЛУБИЙНХЭЭ ЧАДВАРЛАГ ИНЖЕНЕРҮҮДТЭЙГЭЭ ХАМТАРЧ “САНИТОЛ” БУЮУ ГАР АРИУТГАГЧИЙН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ БҮТЭЭЛЭЭ. ҮҮНЭЭС ӨМНӨ БИД АМНЫ ХААЛТНЫ АТМ ЗОХИОН БҮТЭЭСЭН.
-Бүтээлийнхээ талаар дэлгэрүүлж яриач?
-Сайжруулсан хуванцраар хийсэн батерейтай төхөөрөмж юм. Батерей хийгээд хушуунд нь гараа ойртуулахад автоматаар санитлл нь гоожно. Ухаалаг сав маань 500 мл багтаамжтай, дөрвөн ширхэг батерей орно. Үүнийг сургууль, цэцэрлэгийн үүдэнд гэхээсээ илүүтэй давхар бүрт, эсвэл анги бүрт тавьбал илүү тохиромжтой. Бид бүтээлийнхээ дээжээс эхний ээлжид “Өнөр бүл” төв болон зарим цэцэрлэгт бэлэглэх юм. Үүнээс гадна энэхүү төхөөрөмжийг сонирхож байгаа сургууль, цэцэрлэг байвал бидэнтэй холбогдож болно. Төхөөрөмж нэг бүрийн материалын үнэ 50 гаруй мянган төгрөг. Тиймээс материалынх нь үнийг төлөөд худалдаж авч болно.
-Гар ариутгагч төхөөрөмжийнхөө загвараар зааныг сонгосон нь ямар учиртай юм бол?
-Хүүхдүүдийн анхаарлыг татах үүднээс хүүхэлдэйн киноны баатар Дамбог сонгож авсан байгаа. Дамбоны хушуунд гараа ойртуулахад автоматаар мэдэрч санитол шингэн гоожих юм. Хүүхдүүд энгийн хуванцар сав хараад огт тоохгүй байна. Багш нар хүчээр гарыг нь ариутгуулдаг. Тэгвэл Дамбогоор төлөөлүүлж хийсэн сав хүүхдүүдийн сонирхлыг татна. Хамгийн гол нь бид үүгээр дамжуулан монгол инженерүүд юуг ч хийж чадна гэдгийг харуулахыг зорилоо. Яг өнөөдрийн нөхцөл байдалд хамгийн хэрэгтэй зүйл бол энэ төхөөрөмж.
-Амны хаалтын АТМ зохион бүтээсэн гэлээ. Тэр талаараа мэдээлэл өгч болох уу?
-Төрийн байгууллага, хөл хөдөлгөөн ихтэй үйлдвэр, оффист амны хаалтгүй хүн нэвтрүүлэхээ больсон. Гэтэл иргэд үргэлж амны хаалттай явахгүй байна. Тиймээс албан байгууллагын үүдэнд энэхүү АТМ-аа байрлуулбал, иргэд ямар ч хэлбэрээр төлбөрөө хийгээд нэг удаагийн амны хаалт авах боломжтой болох юм. Зах зээлийн ханшаар амны хаалт 500-1000 төгрөгийн үнэтэй байгаа. Тиймээс амны хаалт хайж заавал буцаж гаран эмийн сан, дэлгүүр хайх шаардлагагүй болсон гэсэн үг. Таны үйлчлүүлэхээр орсон оффист манай машин байх юм бол төлбөрийн хэлбэрээ сонгоод л амны хаалтаа шууд авах боломжтой.
-Клубийн зүгээс цаашид ямар арга хэмжээ зохион байгуулах гэж байна вэ?
-Эрчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж ирэх арваннэгдүгээр сард тодорхой хүрээнд олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Эрчүүдийн амиа хорлолтоор манай улс дэлхийд тэргүүлэх хэмжээнд бичигдэж байна. Тиймээс эрчүүддээ, тэдний эрх ашгийн хамгаалж, төр засаг, олон нийтэд хандаж дуу хоолойгоо өргөнө.