Ардчилсан намын дарга З.Энхболд төв нам дээрээ бүртгэл хийлгэсэн 16,000 гишүүнийг намынхаа гишүүнчлэлээс хассан шийдвэр гаргасан. Энэ нь нэлээд маргааныг дагуулаад байна. Тус намын зарим улс төрчид бухимдаж явна.
Шинэчилсэн бүртгэлийг зарлахдаа тухайн амьдарч байгаа хорооныхоо намын үүр, эсвэл сум, дүүргийнхээ намын байранд очиж бүртгэлээ хийлгэх тухай зарлаж байсан. харин сүүлд төв нам дээрээ маш олон хүнийг бүртгэж авсан билээ. Үүнд 16,000 гишүүн бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байгаа.
Эдгээр гишүүд дунд АН-ын залуу үеийн олон төлөөлөл багтсан бололтой. Тухайлбал UFC группийн захирал, УИХ-д Увс аймгаас нэр дэвшинэ гэгдэж байсан Амартүвшин, мөн тус намын шинэчлэлийн хөдөлгөөний гишүүн Сайнбаяр нар багтжээ. Тэд бухимдалтай байна. Үүнийгээ твиттер хуудсаараа илэрхийллээ.
Тэгэхээр эдгээр эрхэмүүд өнөөдөр намын байраа тойрч жагссан бол удахгүй намын байрныхоо цонхыг хагалах хүртэл тэмцлийг сонгох бололтой. Намын даргын сонгууль нь энэ ням гарагт болно. Тэр болтол тус намын тэмцэл үргэлжлэх нь байна.