Өмнөговь аймгийн Даланзадгад хотын харъяат Түүвээ гэх энэ бүсгүй 2018 оноос эхлэн зөвхөн говь нутагт л байдаг түүхий эдээр гоо сайхны бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Хүний биед хэрэгтэй, цэвэр, ховор элементүүд говийн ургамал, түүнийг идсэн мал амьтанд шингэсэн байдаг. Тиймээс ямар нэг химийн найрлагагүй, цэвэр органик бүтээгдэхүүнийг говьд хийж болно гэсэн санаа түүнд төржээ. Үүнийгээ ажил хэрэг болгож “Говь Гоо” нэртэй гоо сайхны брэнд гаргасан байна. Өмнөговь аймгийн Бизнесийн инновац хөгжлийн “БИГ” төвөөс түүнийг дэмжиж, брэнд хэрхэн бүтээх тухай бизнесийн ур чадвар нэмэгдүүлэх сургалтад хамруулжээ. Улмаар Өмнөговь аймаг, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Оюу толгой” ХХК, Говийн оюу хөгжлийг дэмжих сан хамтран хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийг чадавхжуулах” хөтөлбөрийн “Брэндийг хөгжүүлэх” дэд хөтбөлбөрт хамруулж, бизнесээ өргөжүүлэхэд зориулж 10 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Энэ дэмжлэг үйлдвэрлэлээ өргөжүүлж, брэндээ таниулахад нь ихээхэн тус дэм болж, түүнд урам зориг өгсөн байна.
“ГОВЬ ГОО” брэндийг санаачлагч Д.ТҮҮВЭЭ: Миний брэндийн гол онцлог бол говь нутгийн ургамал, ингэний сүү, шар тос, хоормог, айраг гэх мэт органик түүхий эд юм. Ер нь таван хошуу малаас гарч байгаа бүх ашиг шимийг баяжуулж бүтээдэхүүнээ үйлдвэрлэдэг. Сүүлийн үед Герман, Итали, Хятад улсаас манай бүтээгдэхүүнийг сонирхож, зарим нь хамтран ажиллаж, худалдан авах санал тавьсан. Бид ч гэсэн олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүнтэй болохоор ажиллаж байна.
Д.ТҮҮВЭЭ, ГОВИЙН ГАРАЛТАЙ ГОО САЙХНЫ БРЭНДЭЭ ДЭЛХИЙД ГАРГАХ МӨРӨӨДӨЛТЭЙ. ТИЙМЭЭС Ч БРЭНДЭЭ ГОВЬ ГОО ГЭЖ НЭРЛЭЖЭЭ.