Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохирдолтой тэмцэх газраас өнөөдөр /2020.10.08/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:
-Сүүлийн өдрүүдэд угаарын хийн хордлогын дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна. Өнгөрсөн шөнө гурван өрхийн дөрвөн хүнд нийслэлийн Түргэн тусламжийн төв эмнэлгийн тусламж үзүүлсэн. Хоёр насанд хүрсэн хүн, хоёр бага насны хүүхэд байсан. Хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шилжүүлж, эмчилгээ хийлгэн зөвлөгөө авч гэртээ харьсан.
Түргэн тусламжийн төв хоёр өрхийн гурван хүнд дуудлагаар үйлчилж, нэг насанд хүрсэн хүнд зөвлөгөө өгч, гэрт нь буцаасан. Одоогоор эмнэлэгт нэг насанд хүрсэн хүн угаарын хийн хордлогын эмчилгээ хийлгэж байна.
Нийслэлийн хэмжээнд 2020 он гарсаар гамшиг, ослын 1700 орчим дуудлага ирж, ажилласан. Үүнд ой хээрийн тав, обьектын гал түймрийн 1545, аврах ажиллагааны 175 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Гал түймрийн ослоос 1600 иргэнийг аварч, 78 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Гал түймэрт 27 хүн амь насаа алдсан. Том хүн 25, хүүхэд хоёр байна. Сүүлд Сонгинохайрхан дүүрэгт 48 настай иргэн орон сууцанд гарсан гал түймрийн улмаас угаартаж, харамсалтайгаар нас барсан. Хөрш айлын 12 настай, гурван сартай хүүхдүүд гал түймрийн улмаас угаартаж, эмнэлэгт хандсан. Урьдчилсан дүгнэлтээр цахилгааны аюулгүй байдлыг хангаагүйгээс болж, ил гал алдсан гэсэн мэдээлэл байна.
“САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ 500 ОРЧИМ ЦЭГ АЖИЛЛАЖ БАЙНА”
Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлстийн дарга Г.Даваажаргал:
-Нийтдээ 6000 орчим төрийн албан хаагч төвийн зургаан дүүргээр явж, яндан зуухны битүүмжлэл, галлагаа хэрхэн хийх, яндан хөөлөх, угаарын хий мэдрэгчийг шалгаж байна. Нэг албан хаагчид 200 өрх ногдож буй. Энэ жил агаарын чанарыг сайжруулах бүсэд нэмэгдсэн шинэ хороод, айл өрхүүдэд угаарын хийн мэдрэгч суурилуулах ажлыг зохион байгуулж дууссан. Өнөөдрийг байдлаар 190 мянга орчим угаарын хий мэдрэгчийг төвийн зургаан дүүргийн бүх айлуудад суурилуулсан. Одоогийн байдлаар сайжруулсан шахмал түлш борлуулах 500 орчим цэг ажиллаж байна. Энэ онд шахмал түлшний тээвэрлэлтийг 23 компани ажиллаж байна. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор агаарын бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. Азотын давхар ислийн тоосонцор 20-30 хувиар буурч, бусад бохирдуулагч бодисын агууламж стандартаас давсан тохиолдол гараагүй.
“24 ЦАГИЙН ДОТОР COVID-19 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ”
НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:
-Монгол Улсын хувьд сүүлийн 24 цагийн дотор COVID-19 шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр Монгол Улсад нийт 315 тохиолдол батлагдаж, эдгэрсэн хүн 307 байна. ХӨСҮТ-д одоо долоон хүн хэвтэн эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах байранд 3672 хүн байна. Нэгдүгээр сараас хойш Монгол Улсад нийт 27. 235 хүнийг тусгаарлаж, ажиглалтад авчээ. Бид нийслэлийн хэмжээнд 351.200 хүнийг вакцинжуулахаар зорьж байгаагаас одоогийн байдлаар 89.216 хүнд вакцин хийгээд байна.