Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын энэ жилийн шалгаруулалт Монголын Хүүхдийн ордны концертын танхимд өчигдөр /2020.10.10/ эхэлжээ. Энэ жилийн 33 дахь удаагийн наадмын шалгаруулалт "Мэргэжлийн дууны төрөл"-өөр эхэлсэн байна. Үргэлжлүүлэн "Нийтийн дууны төрөл", "Эстрадын дууны төрөл"-өөр уран бүтээлчдээ шалгаруулжээ.
Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтад уран бүтээлчдийн нэр дурьдагдахгүй дуу болгонд тусгайлан олгосон код болон дууны нэрээр зарлагдах бөгөөд сугалааны дарааллаар уралдаант шалгаруулалтад оролцож байгаа аж.
Өнгөрсөн жил хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн “Энхийн элч Монгол туургатан” бүтээл шилдгээр шалгарсан билээ. Уг дууг гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяа, Л.Ган-Эрдэнэ /Камертон/ нар амилуулсан юм. Дэд байрт хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл "Залбирал" дуугаар эстрадын төрөлд оролцож, тус шагналыг хүртсэн байна. Эл дууны шүлгийг Л.Оюун-Эрдэнэ бичжээ. Дашрамд дуулгахад, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, Х.Мөнх-Ертөнц нар төрсөн ах дүү хоёр юм.