Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдардгийг тогтоожээ

Коронавирус гар утас, мөнгөн дэвсгэрт дээр 28 хоног амьдардгийг тогтоожээ

Австралийн Шинжлэх Ухааны Үндэсний Хүрээлэнгийн судлаачид Covid-19 өвчнийг үүсгэгч коронавирус нь эд юмсын гадаргуу дээр өмнө төсөөлж байснаас удаан амьдардгийг туршилтаар тогтоожээ. Гэхдээ эрдэмтэд энэ удаа вирусийн амьдрах чадварын дээд хэмжээг тогтоохын тулд тасалгааны температурт (Цельсийн 20 хэм), гэрэлгүй, харанхуй орчинд туршсан байна.

Ингэхэд коронавирус нь гар утасны дэлгэц, цаасан болон хуванцар мөнгөн дэвсгэрт зэрэг тэгш гадаргуутай эд зүйлс дээр 28 хоног амьдарч байжээ.Яг ижил орчин нөхцөлд томууны вирус 17 хоног тэсдэг юм байна. Хэт ягаан туяа вирусийг устгах нөлөөтэй тул гэрэлтэй орчинд үүнээс богино хугацаанд амьдардаг ажээ.

Гэхдээ эд юмсын гадаргуу дээрх вирус бодит амьдрал дээр хүнд халдварлах чадвар багатай гэж олон эрдэмтэд үздэг. Голдуу ханиалгах, ярих үед агаар дуслын замаар халдвар тардаг гэж ихэнх эрдэмтэд үзэж байгаа.Австралийн эрдэмтэд коронавирусийн амьдрах хугацаа нь хүйтнээс илүү халуун температурт богиносож байгааг тогтоосон байна. Тухайлбал Цельсийн 40 хэмийн халуун орчинд юмсын гадаргуу дээрх вирус 24 цагийн дотор халдварлах чадвараа алдаж байжээ.

Мөн коронавирус нь тэгш, гөлгөр гадаргуу дээр илүү удаан амьдардаг, харин нүх сүвтэй, тэгш бус гадаргуу дээр богино насалдгийг тогтоосон байна.Тухайлбал даавуун материал дээр вирус 14 хоногоос илүү тэсвэрлэж чадаагүй гэнэ. Австралийн эрдэмтдийн туршилтын тайлан “Virology Journal” сэтгүүлд нийтлэгджээ.

 

Эх сурвалж: BBC