Ардчилсан нам 5 фракцаас бүрддэг гэхэд болно. Тэдэн дотроо хамгийн нөлөөтэй фракцын нэг бол МоАН. Г.Батхүү, Л.Болд, Ц.Оюунгэрэл, А.Бакей, С.Дэмбэрэл зэрэг улс төрчийн тэргүүлдэг уг фракцийн хувьд өөрийн хүнээ АН-ын даргын сунгаанд сойно гэгдэж байсан ч эцсийн мөчид Г.Батхүү нэрээ татсан. Тэгүүл өнөөдөр тэд гэнэт шийдвэр гаргаж АН-ын даргын сунгаанд Л.Гантөмөрийг дэмжихээр болжээ.
МоАН фракцын хувьд чухам яагаад Л.Гантөмөрийг дэмжихээр болов. Үүний цаана 3 гол тохиролцоо байж болзошгүй.
Нэгд: Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг тус фракцаас томилох.
Хоёрт: Хэрэв Ерөнхий нарийн бичгийн дарга дээр тохиролцоогүй гэвэл Ерөнхийлөгчийн сонгуульд МоАН-ын нэг хүн АН-аас өрсөлдөх эрхийг авах.
Гуравт: Намын дүрмийн шинэчлэлийг МоАН фракц гардан хийх. Учир нь тус фракцын хувьд өнгөрсөн хугацаанд намынхаа дүрмийн шинэчлэлийг анхан шатны нэгжүүдээрээ хэлэлцүүлж нэгтгэх ажлыг голлон гүйцэтгэж байгаа билээ.
Энэ гурван тохиролцоон дээр үндэслэн дэмжих санал гарчихлаа гэж АН-ынхан харж байна. МоАН фракцын хувьд анхан шатны үүр тус бүрээр хагас жилийн хугацаанд ажилласан. Тэгэхээр тэд анхан шатны гишүүдийн итгэл, сэтгэлийг багагүй хэмжээнд халаасалж чадсан болов уу. Чухам тохиролцоо нь юу вэ?