Дэлхий даяар тархаж буй цар тахал, түүний үр дагавраас шалтгаалан 2020 оны хоёрдугаар улиралд дэлхийн ухаалаг гар утасны борлуулалт эрс буурчээ. Дэлхийн хэмжээнд ухаалаг гар утасны борлуулалт мэдэгдэхүйцээр буюу 20.4% -иар буурч, сүүлийн гурван сарын хугацаанд 294.7 сая ширхэг гар утас борлуулагдсан байна.
Гэтэл өнгөрөгч 2019 оны мөн үед 370.3 сая ширхэг гар утас борлуулагдаж байжээ. Энэхүү бууралт нь ухаалаг гар утасны зах зээлд 2013 оноос хойш тохиож буй хамгийн том хямрал болж байгааг мэргэжилтнүүд онцолсон байна.
Дэлхийн ухаалаг гар утасны зах зээлийн гол тоглогчид болох “Samsung”, “Huawei” компаниуд нийт хувьцааны 20, 20 хувийг эзэлж байгаа бол “Apple” компани зах зээлийн 13.5 хувийг эзэлж, гуравдугаарт жагсаж байна. Ингээд ухаалаг гар утасны зах зээлд сүүлийн үед өрнөж буй шинэхэн мэдээ мэдээллийг хүргэе.
АНУ-ЫН “HUAWEI”-Д ТАВЬСАН ХОРИГ “SAMSUNG”-Д ДАЛИМ БОЛОВ
АНУ “Huawei”-д хориг тавьсны дараах улиралд “Samsung”-ийн ашиг шинжээчдийн таамаглаж байснаас өндөр хувиар өсчээ. АНУ-ын Худалдааны яам 2019 оны тавдугаар сарын 17-нд “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаар тус компанийг АНУ-д өндөр технологийн хэрэгсэл худалдан авах боломжийг нь хязгаарлажээ. Мөн энэ оны наймдугаар сарын 17-нд АНУ-ын эрх баригчид тус компанийн мөн 38 охин компанийг АНУ-д үйлдвэрлэгдсэн технологи, программ хангамжийг олж авах боломжийг нь хязгаарласан юм. "Samsung"-ийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн улиралд 12.3 их наяд вон хүрсэн нь шинжээчдийн дундаж таамаг болох 10 их наяд воноос хол давсан байна. Түүнчлэн “Apple”-ийн 5G дэмждэг “iPhone 12” гар утасны нээлт цар тахлаас болж нэг сараар хойшилж, “Huawei”-д хүндрэл тулгарсан нь салбарын өрсөлдөөнийг бууруулаад байна. Мөн цар тахлын үеэр зар сурталчилгааны зардал буурсан нь “Samsung”-ийн ашиг өсөхөд нөлөөлж байна гэж шинжээчид үзжээ.
“APPLE” ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ОЙРТОЖ, БОРЛУУЛАЛТАА НЭМНЭ
“Apple” компани алдагдлаа нөхөж, дэлхий даяарх хэрэглэгчиддээ ойртохын тулд дэлгүүрүүдийн салбаруудаа түгээлтийн сүлжээ болгон ашиглахаар болжээ. Тус компани худалдан авагчид ойр агуулахаас эсвэл БНХАУ-аас шууд хэрэглэгч рүү худалдан авсан бүтээгдэхүүнийг нь тээвэрлэдэг байсан бол бүтээгдэхүүн тээврийн хугацааг богиносгох зорилгоор АНУ, Канад дахь жижиглэн худалдааны 300 гаруй дэлгүүрийн салбараасаа шууд хэрэглэгч рүү тээвэрлэх шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр тээвэрлэлтийн хугацааг богиносгохоос гадна борлуулалт нэмэгдэх ач холбогдолтой гэж тооцоолжээ.
“HUAWEI” ХЯТАДЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ХАМГИЙН ӨНДӨР КОМПАНИ БОЛОВ
Хятадын 2020 оны хамгийн хүчтэй, өрсөлдөх чадвар сайтай компаниудын жагсаалтыг харилцаа холбоо, технологийн “Huawei” компани тэргүүлжээ. Тус компанийн хөрөнгө 1.1 их наяд юань буюу 163.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байгаа нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 100 тэрбум юаниар буурсан байна. Энэ нь АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотой юм. Хэдий тус компанид их гүрний дарамт шахалт хүндрэл учруулсаар байгаа ч өрсөлдөх чадвар өндөр хэвээр байна. “Huawei” компанийн дараа “Xiaomi”, “VIVO”, “OPPO” ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд оржээ. Эдгээр компанийн хөрөнгө 434 тэрбум, 175 тэрбум, 170 тэрбум юаниар тус бүр үнэлэгдэж байгаа юм.
“IPHONE 12” СҮҮЛИЙН 10 ЖИЛИЙН ХАМГИЙН ТОМ ӨӨРЧЛӨЛТ БАЙХ БОЛНО
“Apple” компани өнөөдөр /2020.10.13/ шинэ загварын iPhone гар утсаа танилцуулах юм. Тус компани нь шинэ загварын гар утсаа жил бүрийн есдүгээр сард танилцуулдаг ч энэ удаад цар тахлын улмаас нэг сараар хойшлоод байгаа юм. Шинэ загварын iPhone 12 гар утас нь 5G сүлжээ дэмждэг, iPad Pro төхөөрөмжтэй адил дөрвөлжилсөн хүрээ бүхий хийцтэй, бүх хувилбар нь OLED технологийн дэлгэцтэй гарна гэж шинжээчид таамаглаж байгаа ба энэхүү загвар нь сүүлийн 10 жилд тус компанийн гаргасан хамгийн том өөрчлөлт байх болно гэсэн хүлээлт үүсгээд байна. Энэ удаа “Apple” компани 5.4 инчээс 6.7 инч хүртэл хэмжээтэй дөрвөн шинэ хувилбарын iPhone танилцуулна гэсэн таамаг мэргэжилтнүүдийн дунд яригдаж байгаа бөгөөд 6.7 инч нь өмнө нь байгаагүй хамгийн том хэмжээ юм.