“Улаанбаатар” кино наадмаар бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулна

“Улаанбаатар” кино наадмаар бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

“Улаанбаатар” Олон Улсын кино наадмын Ерөнхийлөгчөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, уран сайхны удирдагчаар МУ-ын Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн ажиллаж байна.

Наадмыг зохион байгуулагчид Канн, Берлин, Торонто, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино болосвролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 2013-2019 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 113 киног танилцуулж, 24000 гаруй үзэгчдэд толилуулсан ба нийт 1000 гаруй монгол уран бүтээлчдийг кино форум болон сургалтад хамруулж, чадавхийг  дээшлүүлсэн байна.

2020 оны кино наадамд 2019-2020 онд бүтээгдсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, Хятад, Тайвань, Япон, Бразил улсын 19 бүрэн хэмжээний уран сайхны киног толилуулахаас гадна кино уран бүтээлчдийн чадавхийг дээшлүүлэх зорилготой “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг тус тус зохион байгуулна.

Энэ жил наадмын агуулга, цар хүрээг тэлэн, соёлын илэрхийллийн олон төрлийг дэмжих, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, кино үзвэрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” МУСК-оор нээж байгаа бөгөөд 1980 онд бүтээсэн энэхүү киног Архивын Ерөнхий Газар, Номадиа Пикчерс ХХК-ны “Монгол Кино HD” төслийн хүрээнд  HD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах гэж байна. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдийн шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн кино үзвэр”-ийг тус тус шинээр толилуулах гэж буйгаараа онцлог юм.

Кино сонирхогч, үзэгчид “Улаанбаатар” Олон Улсын кино наадмын хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд дэлгэцнээ гарах бүх киног Тэнгис кино театр хүрэлцэн ирж үзэх боломжтой. Наадмын хөтөлбөр, кино танилцуулгыг www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn хаягаар авна уу.

Мөн наадмын кино форум нь 2020 оны 10 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Тэнгис кино театрт болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар хүлээн авна уу.

Монголын Урлагийн Зөвлөл

Хаяг: ЧД, 1-р хороо, Жуулчин гудамж,

Дельта төв, 402 тоот

Утас: 319017, 319015

Цахим хаяг: culture@artscouncil.mn

Цахим хуудас: www.artscouncil.mn

                       www.ubiff.mn

                      www.facebook.com/UBIFF

                                  НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР