Дүрэм шинэчлэл ёс төдий зүйл
Ардчилсан намын дүрэм бүрэн шинэчлэгдэнэ гэсэн хүлээлт тус намынханд байсан нь гарцаагүй. Харин хачир дээрээ намын эрхийг атгаж байгаа лидер нэртэй лойсон гарууд нь хуучин дүрмийнхээ хэдэн заалтыг дарж, хэдэн үг үсгийг өөрчилсөн болоод их хуралдаа оруулчихжээ. Үүнээс л эхлэн тус намын шинэчлэлийн салхи “ЛООЗОН” төдий болж өнгөрөх нь ойлгомжтой болов. Үр дүнд тус намынхан дүрмийн шинэчлэлээ хойшлуулж, хэдхэн өөрчлөлтийг баталсан болоод урагш нэг ухарч гурав алхчихлаа. Дүрмээ шинэчилж чадаагүй ганган тайлбараа Намын шинэ удирдлага өөрсдөө гардан хийг. Тэд л шинэ дүрмээ боловсруулж, шинэ менежментээр явах нь зөв гэж уран үгээр ухаантай царайлан жиргэхээ мартсангүй ээ.
Намын даргын санал хураалт
Урагш нэг алхам урагшилж чадсан зүйл нь энэ. Тус намынхан ямартай ч намынхаа гишүүдээс дэмжлэг авч чадах хүнээр удирдуулахаар шийджээ. Хамгийн сүүлд намын даргаар ингэж сонгогдсон хүн нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Түүнээс хойш тус намын дарга болсон эрхэмүүд нь дандаа л хайрцаглаж, хувилдсан хэсэг бүлгээс төрж байлаа. 2017 оны 01 сарын 29 өдөр болох намын даргынх нь санал хураалт бас хуудуугүй болно гэхэд эргэлзээтэй. Тус намын хувьд фракцынхаа хайрцаглах бодлогыг шат шатандаа хэрэгжүүлэх хувилдаандаа орносон нь гарцаагүй. Намынхаа даргын өрсөлдөөнд 4 хүн сойно гэж байсан ч ухарсан алхам хийж нээлттэй үлдээв бололтой.
Бусдаас бурууг хайдаг лидерийн гашлан
Ардчилсан намын хамгийн том алдаа нь энэ. Тэд унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр ухаарч амжаагүй бололтой. Тус намын үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн лидер нэртэй “ЛОЙЦОН” нөхөд нь бүх л буруугаа бусдаас хайчихжээ. Өөрсдөө цагаан, харин тэдний эсрэг санал өгсөн түмэн олон хар хэрээ. Бас болоогүй өрсөлдөгч нь маш муу, өөрсдөө болохоор энхрийхэн цагаанхан сэтгэлтэй гэнэн болжморууд болж таарав. Тус намын ялагдлын гол бурууг хүлээх ёстой З.Энхболдын үг л гэхэд ялагдлынх нь гашуун үнэнгээ хүлээн зөвшөөрч чадсангүй.
Н.Алтанхуягын хувьд ч ялгаагүй. Засгийн газар нь унасан шалтгаан нь МАН-ын буруу гэж мэлзэж сууна. Үнэн хэрэгтээ төрийн албыг төрлийн болгох эхлэлийн мань хүн л ил цагаан гаргачихсан. Тэр л хүргэнээ хажуудаа авчирч суулгаагүй бол өнөөдөр ургийн модны урган цэцэглэлтийн тухай улс даяараа шуугихгүй байлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэж үг бий. Ийм үгийн үнэ цэнэ угтаа бол Ардчилсан намын лидер нэртэй нөхдөд үнэндээ алга.
Урагш биш ухарсан шалтгаан
Ардчилсан намын урагшлах алхам нь удааширсан шалтгаан нь индер дээрээс буухыг хүсдэггүй хөгшин бурхи нарынх нь лай ланчиг. Тэд өнөөдөр ч гэсэн өөрсдийгөө намынхаа лидер гэж үзсэн хэвээрээ байгаа нь ойлгомжтой боллоо. Их хурлынхаа үнэ цэнийг унагааж, ирсэн төлөөлөгчдөө хэдэн арваар нь хуйлруулан хамж, тархи толгойг нь угаах гэж зүтгэсэн нь тэдний хэн нь хэ вэ? гэдгийг бэлхэн харуулаад өглөө. Үхсэн ч сэхсэн нь үнэндээ энэ намын ард нуугдаж идэж ууссан бүхнээ далдлах гэсэн башир арга нь тэднийг индер өөд тэмүүлэх ирмүүн хүслийг нь өдөөж байгаа нь гарцаагүй. Тийм биш бол тэдэнд авч идэх албан тушаалгүй намтайгаа зууралдах хүсэл баймааргүй юм. Гэхдээ биш бололтой. Тус намын нэлээд хэдэн лидер нь албан тушаалаа урвуулсан хэргээр шалгагдаж эхлээд байна. Но-той но-үгүй эсэхийг хууль хяналтынхан тогтооно. Тэр болтол цаг ч орно. Хугацаа ч өнгөрөнө. Хамгийн гол нь түүнээс өмнө хамгаалалтанд орохын тулд намынхаа бүхий л эрх мэдлийг тэд гартаа оруулахыг хүсэх нь гарцаагүй. Иймээс л энэ намын лидерүүд лойчихсон царайтайгаа хамт ахархан бодлоо тээж албан тушаалынхаа төлөө бэлэн мөнгө тараахаас ч буцахгүй гэдгээ хоёр өдөр чуулсан намынхаа их хурлаар харуулчихлаа. Үүнийг урагшлалт гэхээсээ илүү ухралт гэж тус намын эгэл жирийн гишүүд ч үзэж байгаа бололтой.