“Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шат болон машин хэрэглэхгүй явганаар зорчихыг уриаллаа

“Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шат болон машин хэрэглэхгүй явганаар зорчихыг уриаллаа

Жил бүрийн аравдугаар сард “Дэлхийн алхалтын өдөр”-ийг идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлын талаар олон нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэдэг уламжлалтай.
Манай улс энэхүү өдрийг 2017 оноос хойш тэмдэглэж ирсэн билээ. 

Тэгвэл энэ жил НҮБ-д гишүүнээр элссэний 59 жилийн ойг угтан, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороо, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн биеийн тамир, спортын хороо, Биеийн тамир, спорт чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэг болон бусад төрийн бус байгууллагуудтай хамтран “Идэвхтэй алхалтын аян” уриан дор идэвхтэй хөдөлгөөн, алхалтын ач холбогдлыг олон нийтэд аравдугаар сарын 21-30-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаанд сурталчлан зохион байгуулах гэж буйгаа өнөөдөр мэдээллээ. 

Аяны хүрээнд Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод, эрүүл мэндийн төвтэй хамтран 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэг болон Дүүргийн ЗДТГ-уудад хамтран ажиллах албан бичиг хүргүүлж спорт хорооны мэргэжилтнүүдэд ААН байгууллага, албан газар, иргэд, хувь хүмүүсийг идэвхтэй оролцуулах талаар чиглэл өгсөн байна. 

Мөн аяны хүрээнд төрийн албан хаагчид өдөрт 10,000 алхах, алхаж ажилдаа ирж очих, цаашид энэхүү үйлийг хэвшүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд хоорондоо алхалтын өдрийг чэлленж байдлаар дамжуулж бусдыгаа уриалах ажлууд зохион байгуулагдах аж. Тухайлбал

  • “Идэвхтэй алхалтын аян”-ы 10 хоногт цахилгаан шатаар биш шатаар, машинаар биш явганаар зорчихыг уриалсан сурталчилгааг олон нийтэд болон сошиал орчинд түгээнэ. 
  • Иргэдэд зориулсан алхалттай холбогдолтой эрүүл мэндийн зөвлөгөө, гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалыг Монголын оюутны холбоотой хамтарч гарцаар гарч буй иргэдэд тараана.
  • Түүнчлэн "Дэлхийн алхалтын өдөр"-ийн арга хэмжээг жилд хоёр удаа улс орон даяар тэмдэглэж байх, алхалтын ач тусыг түгээн дэлгэрүүлэх, сурталчилах ажлыг цаашид тогтмол зохион байгуулах юм.

 

                                                     Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо