Улсын их хурлаар эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Үүн дотор хөнгөлөлттэй эмийн жагсаалт, түүнд хамаарах асуудал хөндөгдөж байгаа юм. Энэ үед УИХ-ын гишүүн П.Анужин эмийн хөнгөлөлт нэрээр эмийн хэрэглээг нэмэгдүүлэх буруу бодлого явж байна хэмээн шүүмжиллээ.
УИХ-ЫН ГИШҮҮН П.АНУЖИН: Эмийн хөнгөлөлтийн тухай ам уралдаад ярих юм. Эмийг журамлах юм байна гэж бодсон чинь харин ч эсэргээрээ эмэнд иргэдээ нэвт оруулах, эмийн хамааралтай болгох тухай яриад байна. Гэтэл эрүүл монгол иргэний асуудал хаана байна вэ гэдгийг бодох хүн алга уу. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнд юу юу орж байна вэ. Эрүүл мэндийн бүтээгдэхүүнд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн орж байгаа бол өөр асуудал болно. Өнөөдөр монгол хүний хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ. Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтай байна вэ, тоон үзүүлэлт байна уу. Өнөөдөр бид хэдэн хувийн эмийн бүрэн хамааралтай болгочхоод эмийн бизнесийг төрийн бодлого болгож, яриад байна вэ. Харамсалтай байна. Зовж буй хүнийг эмийн хамааралтай болгохын оронд эрүүл монгол хүнийг бий болгох хэрэгтэй.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН: Эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж амин дэм, эрдэс бодис агуулсан хүний биеийн зохистой хэрэглээг хангах, зохих хэмжээгээр хэрэглэдэг бүтээгдэхүүнийг хэлнэ гэж хуулийн төсөлд зааж өгсөн байгаа. Манай улсын хүн амын тэдэн хувь нь эмийн хамааралтай гэсэн статистик тоо баримт байхгүй.