Су.Батболдын “Эврика”

Су.Батболдын “Эврика”

Манай Хотын даргын паян дуусахгүй юм. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцсэн НИТХ-ын өнгөрсөн долоо хоногийн хуралдаан дээр цөөнхий бүлгийн дарга Ц.Баатархүү тагнаж чагнаад бие засуулахгүй байна гэж хэлэхийг 2 чихээрээ сонслоо.

Хэрэв түүний үг үнэн бол НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүүг аваачиж хорих хэрэгтэй. Харин цөөнхөө хүчиндэж, засаг захиргаагүй мэт дураараа аашлах гэж байгаа бол нийслэлийн Засаг дарга Су.Батболдыг дарангуйлагч болжээ гэж дүгнэхээс өөр аргагүй. Цөөнх Шилэн данс хөтлөөгүй гэдэг үндэслэлээр Су.Батболдод хариуцлага тооцуулахаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаад удаагүй байгаа. Тэдний энэ үйлдэлд хорсож элдэв башир арга хэрэглэхээр сэдсэн бол Хотын даргыг туршлагатай улстөрч биш туулайн зүрхтэй улцгар гэж бодоцгооё. Су.Батболд Хотын дарга болсноос хойш адал явдлаар тасрахгүй байгаа. Цөөнхийн бүлэг сая л матаас бичсэн болохоос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр сарын өмнө Хотын даргыг дуудаад цасаа цэвэрлэ, ажлаа олигтой хий, битгий чих халууцуулаад бай гээд түмний нүдэн дээр хэлчихсэн. 

Өнгөрсөн жил нийслэлд орсон цаснаар хотын эрх мэдэлтнүүд шуурхай арга хэмжээ авалгүй хугацаа алдаж, менежмент тал дээр барьц алдав. Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нар “Бат-Үүлийн үед жилд 13 удаа цас орсон. Бидний үед хэдхэн хоногт энэ хэмжээний цас орлоо” гэх утгатай, арьсаа хамгаалах тактиктай мэдэгдэл хийсэн нь даарин дээр давс асгахтай адил олон нийтийн бухимдлыг дэврээж орхисон. Автомашиныг “Бенз ба бусад” гэж ангилдаг гэдэг шиг хотын ажлыг “Бат-Үүлийн үе ба түүнээс бусад” гэж тооцдог шинэ хэмжүүр, аргачлал бодож олоод “Эврика” гэж хашгирсан нь үнэндээ өөрсдийнх нь багийг хуу татав. Байдал бишдэнгүүт хот мөнгөгүй гэж мэлзэж үзэв. Мөнгөгүй Засаг дарга ирэх оны төсвийг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирэхгүй л байхгүй юу. Хотын даргыг тэнгэр хангай хүртэл таалахгүй байна гээд л буруу тийш нь чирээд явчих “бөө” улстөрч цөөнгүй л байх. Иймэрхүү “бөө” нараас болж Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ огцрохоо мэдэгдчихлээ шүү дээ. Тэгэхээр тэнгэр хангайн ааш аягаар түрий барьж богино зайн улс төр хийх нь нүд рүүгээ гараа хийхээс өөрцгүй. Цас, бороо ордгоороо л орно. Түүнд бэлтгэлтэй байх, сайн менежмент хийх нь дарга нарын нийслэлчүүдийн өмнө хүлээсэн үүрэг гэдгийг л ухаарчих хэрэгтэй.

Гэтэл С.Батболд мээр эрх мэдлээ хэрэгжүүлж эхэлмэгцээ хотын зам талбай, ногоон байгууламж, хог хаягдал, цас мөсийг хариуцан ажилладаг “Улаанбаатар нэгтгэл”-ийг татан буулгаж Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар,, Геодези, усны барилга байгуулажмийн газар гэх тусдаа гурван байгууллага болгон хэсэгчлэн хуваах тогтоолыг санаачлан 2016 оны 8-р сарын 30-ны өдөр нийслэлийн ИТХ-д өргөн мэдүүлж шийдүүлсэн байх юм. Удирдлагын нэгдсэн тогтолцоонд шилжсэн нь буруу байна, үүнийг задалбаас цас мөс цэвэрлэх, гудамж талбайг арчлах ажлыг яралзуулахаар байна “Эврика” гэтэл өвлийн эхний цаснаар л шалгалтандаа унав. Нэгдсэн удирдлагатай, нэгдмэл хүчтэй байгууллагыг гурван хүнийг дарга болгох гэж задалсан шийдвэрийн горыг нийслэлийн иргэд халтирч унан бэртэж, машинтайгаа мөргөлдөж, эд хөрөнгөөрөө хохирч амслаа. Гурван хүнийг даргын амьдралаар амьдруулах гэж нийслэлчүүд амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байна гэхээр энэ нөгөө эрх баригчдын амлаад байгаа “Аз жаргалтай хот” болж чадах уу. Саяын хэд хоногт Улаанбаатар хотод байгалийн биш дарга нарын менежментийн гамшиг л нүүрлэлээ гээд дүгнэчихэд болно. Цас мөсний сэдэв өндрөө авч байхад дээрх гурван байгууллагын дарга нийслэлийн иргэдэд нүүрээ харуулсан билүү. Албан тушаалыг ажлын багаж хэрэгсэл, боломж гэж биш эрх ямба гэж харагдуулдаг нөлөөт толиноосоо холдох цаг болжээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүртэл тэсгэл алдаж Хотын дарга С.Батболдыг дуудаад цас мөс хэрхэн арилгах талаар хичээл заав шүү. Менежментийн гамшигт орсондоо бантаад сурагчдаар хүртэл цас цэвэрлүүлнэ, энэ ёстой гоё санаа “Эврика” гэж хашгираад байхаар Ерөнхий сайд хотын ажилд хөндлөнгөөс оролцох нь аргагүй л байх. Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хот ажил үйлсээрээ улсдаа манлайлж, бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлээрээ бусдад үлгэр дуурайл болсноос биш сүүл мушгиж байсангүй. С.Батболд мээрийн үед гудамж, замынхаа цасыг арилгаж чадаагүйгээс болоод Засгийн газрын төвшинд ярих хүртлээ байдал дордов. Энэ бол муу түүх. Хотын ажил цалгардаж, удирдлага, менежментийн хямралд орсны нотолгоо. Цасаа арилгаж хүчрэхгүй байгаа Хотын дарга агаарын болон хөрсний бохирдол, гэр хороолын асуудал, хэт төвлөрөл, автозамын сүлжээний өргөтгөл гээд бодлогын томоохон асуудлуудын өмнө хоёр гараа өргөөд бууж өгөх юм биш байгаа гэж Нийслэлийн иргэд түгшиж, бас эргэлзэж байгаа нь  нууц биш. Дахиад нэг муу жишээ. Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Нийслэлийн Засаг дарга С.Батболд Та хоцорч ирлээ. Эрт босож бай” гэж зэм хүртээгээд амжсан. Манлайлал үзүүлж чадахгүй бол ядаж баян ходоод болж хотын ажлыг, нийслэлчүүдийн ололт амжилтыг хойш чангаах эрх хэнбугайд ч байхгүй.

С.Батболд дарга “Үндэсний шуудан” сонинд намар өгсөн ярилцлагадаа “Үнэндээ миний улс төрийн мөрөөдөлд Хотын дарга гэсэн төлөвлөгөө хэзээ ч байгаагүй” гээд түс тас хэлчихсэн. Зөвлөхүүд нь Та ингэж хэлбэл зангарагтай улстөрч болж харагдана “Эврика” гэсэн байх л даа. Харин жирийн хүмүүс нийгмийн сүлжээгээр дургүй ламд дарж байж сахил хүртээлээ гэдэг шиг сайд болох мөрөөдөлтэй С.Батболдыг яагаад хотын дарга болгочихсон юм бэ гэж халаглаж байна. Хотын даргын ажлыг зорилготой, зоригтой байж хийдэг гэдгийг нийслэлчүүд мэддэг болчихсон болохоор ийм сэтгэгдэл бичиж байгаа хүмүүст буруу өгөх аргагүй. Замын цагдаагийн газраас гаргасан мэдээллээр 2016 онд л гэхэд 45 хүүхэд автомашинд дайруулж амиа алдаж, 959 хүүхэд бэртчихээд байна. Гэтэл манай Хотын дарга нийслэлийн ИТХ-ын хуралдаан дээр “Сургуулийг хүүхэд болгонд ойртуулж чадахгүй. Би багадаа хацраа хөлдөөгөөд л сургуульдаа явдаг байсан” гэх зэргээр ууртай хариулт өгч байгаа харагдсан. Уг нь өмнөх жилүүдэд бага сургууль-цэцэрлэгийн 80 цогцолбор нийслэлд барихаар бодлого баталж, нэлээд олныг барьж ашиглалтад өгсөн. Үүнийг гүйцээж чадвал нийслэлийн багачууд гэрээсээ 500 метрийн радиуст сургуульдаа явах боломж бүрдэж, осол гэмтэлд өртөхгүй болох юм. Харамсалтай нь өмнөх Засаг даргынхаа бодлогыг үргэлжлүүлнэ гэж амлалт өгсөн С.Батболд дарга иймэрхүү хөндий хүйтэн, бодлогогүй үг амнаасаа унагаад сууж байх жишээтэй. Сурагчдаар цас цэвэрлүүлэх гэж байтал болиулсанд тунирхаад байгаа бол Ерөнхий сайдад л бухимдлаа гаргамаар юм. УИХ-д цөөнгүй сонгогдсон туршлагатай улстөрчийн амнаас ийм хариуцлагагүй үг унаад байвал Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд, Олон улсын байгууллагууд таатай хандахгүй нь мэдээж.

Засаг төр солигдоод удирдах албан тушаалд шинэ хүмүүс томилогдсон, ажилтайгаа танилцахад хугацаа шаардагддаг. Гэхдээ Нийслэлийн Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 5 сар болж байна. Ажилтайгаа 5 сар танилцдаг байж таарахгүй. Одоо энэ 12 дугаар сард цаг агаар хүйтэрч, цас нэлээд орох урьдчилсан төлөвтэй байгаа. Тийм учраас өмнөхөө муулах замаар хүнд байдлаас мултарч гарах гэдэг ядмагхан муу зуршлаа хойш тавьж, “Улаанбаатар нэгтгэл”-ийг хэсэгчлэн задалж, хүчийг нь тарамдсан буруу шийдвэрээ Засаг дарга С.Батболд нэн яаралтай залруулаасай. Улаанбаатар хотод цас ордгоороо л орно, харин түүнийг шуурхай арилгадаг зөв менежмент, бүтцээ бий болгож чадвал хүнд байдалд орохгүй. Улаанбаатар хот засаглалын хувьд дарга нарыг олшруулан хувилж, шүтэж дээдэлсэн биш харин ч тэдний эрх мэдлийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн лангуун дээр ил гарган тавьж иргэддээ нээлттэй, шуурхай үйлчилдэг тогтолцоо руу нэгэнт орсон. Одоо үүнээс ухрах тухай “Эврика” байж хэрхэвч болохгүй гэдгийг эрхэм Хотын дарга ухаарах биз ээ.