Олимпын хошой аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан гран при” олон улсын чөлөөт бөхийн тэмцээн Оросын холбооны Улсад энэ сарын 17-29 өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. 2017 оны чөлөөт бөхийн олон улсын анхны тэмцээн гэдгээрээ тив дэлхийн чөлөөт бөх сонирхогчдын анхаарлыг татаж байсан юм. Учир нь улс улсдаа тэргүүлсэн тамирчид энэхүү гран приг зорин ирээд байлаа. Монгол улсаа төлөөлөн гавъяат дасгалжуулагч З.Түвчин, Ц.Хосбаяр, Ё.Батдархан, Л.Энхбаяр нарын удирдлага дор эрэгтэй 13, эмэгтэй 24 бөх тус тэмцээнийг зорин очиж зодоглов.
Эдгээр тамирчдаас эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Монгол УЛсын хошой аварга П.Орхон урамтай сайхан барилдаж “Алтан гранпри тэмцээнээс 2 дахь алтан медалиа авлаа. Түүний хувьд тив дэлхийн хүчтэй өрсөлдөгч нараа ээлж дараалан ялж аваргалсан юм. Өнгөрсөн жилийн “Алтан гранпри тэмцээнд 58 кг-д зодоглон аваргалж байсан билээ. Та бүхэн санаж байгаа бол Японы алдарт бөх Каори Ичог ялж аваргалж байсан билээ. Харин энэ жилийн хувьд П.Орхон жин өгсч ийнхүү аваргаллаа. Мөн эмэгтэйчүүдийн 75 кг-ийн жинд барилдсан ОУХМ Г.Уртнасан Алтан гранпри тэмцээний аварга хэмээх алдар цолонд хүрлээ.
Харин аваргын оосороос атгаад алдсан тамирчид бол 69 кг-ийн жинд зодголсон ДАШТ-ийн мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг байлаа. Тэрээр ОХУ-д болсон Алтан гранпри тэмцээний мөнгө медалийг энгэртээ зүүлээ. Мөн мөнгөн медалийг тус тэмцээний 69 кг-ийн жинд барилдсан ДАШТ-нээс гурван ч удаа хүрэл медаль хүртсэн гавъяат тамирчин О.Насанбурмаа энгэртээ зүүсэн юм.
Харин хүрэл медалийг ДАШТ-ний мөнгөн медалът Э.Сумьяа 53 кг-д зодоглон хүртлээ. 58 кг-д зодголсон УАШТ-ний хошой мөнгөн медальт Э.Гантуяа, 55 кг-д залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг нар хүрэл медалийн бозлыг хангаж Алтан гранпри тэмцээнээс хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн тамирчдаас нэр төрийн ганц хүрэл медалийг 125 кг-д хүч үзсэн ОУХМ Н.Золбоо энгэртээ зүүсэн байна.
Ийнхүү Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багийнхан 2017 оны олон улсын тэмцээнээ амжилттай эхлүүлж чадлаа. Тус тэмцээнд оролцсон эмэгтэй баг бүрэлдэхүүний хувьд онц сайн байсан ч эрэгтэй шигшээ багийн тамирчид хангалттай хүссэн хэмжээндээ барилдаж чадсангүй ээ. Дараа дараагийн олон улсын тэмцээнд амжилт хүсье.