Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн сангаас төлүүлсэн тухай мэдээлэл багагүй шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Г.Ёндон сайд өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төрийн сангаас төлүүлсэн баримт ил болсон нь олны бухимдлыг төрүүлэв. Тэрбээр сайд болохоосоо өмнө 2018 оноос Монголросцветмет ТӨҮГ-ын орлогч захирлаар ажиллаж байсан юм. Энэ үедээ “Гёте” хувийн сургуульд сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төрийн мөнгөөр төлсөн юм байна. уул уурхайн салбар дахь төрийн өмчит том үйлдвэрийг орлогч захирал хувийн сургуульд сурдаг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг өөрөө төлөх чадалгүй байна гэхэд хэн ч итгэхгүй.
Гагцхүү төсвийн мөнгө ёолдоггүй учир тухайн үед Ёндон захирал ичээгүй бололтой. Эдүгээ сайдын сэнтийд залраад буй энэ эрхэм төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогч захирлаар ажиллаж байхдаа хувийн хэрэгцээндээ улсын мөнгийн зарцуулсныхаа учир шалтгааныг тайлбарлах бизээ. Эс тэгвэл хоёр идэхгүй, хоосон хонохгүй гэгчээр үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олохын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хичээн зүтгэж буй олон мянган эцэг эхчүүдэд Ёндон сайдын ёозгүй үйлдэл асар хүндээр тусаж байгаа бөгөөд төрийн өндөр албан тушаалтнуудын хэмжээ хязгааргүй тансаглал, эрх мэдэлдээ бардсан, бярдсан танхайрлын жишээ болж харагдаж байна.