Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.
- Өнгөрсөн амралтын өдөр таван ханатай гэр шатаж, дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд өчигдөр /2020.10.25/ өдрийн 16:05 цагийн орчимд гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу гал унтраах аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутад унтраажээ. Харамсалтай нь, гал түймэрт долоо, зургаа, тав, хоёр настай дөрвөн хүүхэд өртөж, нас барсан байна. Алба хаагчид хүүхдүүдийн цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд 14:22 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна. Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь хоёр суудлын автомашин, бага оврын хоёр ачааны автомашин /портер/, норд бенз загварын ачааны автомашин мөргөсөн байна. Ослын улмаас арван хүн бэртэж, хоёр хүний амь нас хохирчээ. Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн найман хүнээс “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан 58 настай эрэгтэй Ч, 31 настай эмэгтэй Б нар автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алдсан байна.
СУУДЛЫН АВТОМАШИН ОНХОЛДОЖ ЖОЛООЧ НЬ БЭРТЖЭЭ
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, “Цагаан хаалга” гэдэг газарт суудлын автомашин онхолдож, нэг хүн бэртсэн байна. Энэ сарын 25-26-нд шилжих шөнө “Ноте” загварын суудлын автомашин онхолдож жолооч нь 44 настай эрэгтэй М нь эд ангид хавчуулагдаж гэмтсэн байсныг алба хаагчид сумын эмнэлэгт хүргэсэн байна.
Ослын дуудлага энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 02:50 цагт ирсэн байна. Энэ даугу аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын хүн эмнэлгийн ажилтан 03.15 цагийн орчимд очиж, эмнэлгийн тусламж үзүүлжээ.
АЛГА БОЛСОН 58 НАСТАЙ ИРГЭНИЙГ ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
- Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн “Зулзагант гол” гэдэг газарт тус сумын харьяат иргэн58 настай Ч нь Дархан сумын төвөөс гэр рүүгээ явах гэж автомашинаар гараад сураггүй болжээ. Алга болсон иргэнийг гэрээс нь зүүн урд зүгт 42 км-ийн зайд “Тавын гуу” гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Эх сурвалж: ОБЕГ