БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр "Сошиалд 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Шаардлага хангахгүй байгаа, башгүй, сурагчгүй, элсэгчгүй болчихсон их сургуулийн асуудлыг цэгцэлнэ. Одоо хичээллэж байгаа ангиудыг нь ижил төрлийн сургалтттай их сургуулиуд руу шилжүүлнэ.
Багануурт оюутны хотхон байгуулна гээд нэг хэсэг ярьсан. 2013 оны тооцооллоор гэхэд л зөвхөн дэд бүтцэд 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарахаар байсан. Одоо шинэ Засгийн газрын судалгаагаар энэ боломжгүй. Харин өөр зургаан газарт оюутны хотхоны асуудлыг шийднэ. Ирэх жил их сургуулиудыг бодитоор нүүлгэх ажлыг эхлүүлнэ.
Ховд, Дорнод, Эрдэнэт үйлдвэр, Дархан, Дорноговь гэсэн тав зургаан газруудыг түшиглээд их сургуулиудыг нүүлгэж шилжүүлнэ. ХААИС-ийг Дархан-Уул аймагт, ШУТИС-ийг Эрдэнэтэд түшиглээд нүүлгэнэ. Ховд, Дорнодод боловсрол нийгмийн чиглэлийн их сургуулиуд, Дорноговьд уул уурхайд түшиглэсэн сургуулиудыг гэх мэтчилэн нүүлгэнэ. МУИС-ийг Улаанбаатар хотод байлгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна” гэлээ.