МАН-ЫН УДИРДЛАГУУД МҮОНРТ-ИЙН ДАРААГИЙН ДАРГААР Н. ДЭМБЭРЭЛИЙГ ТАВИХААР ТОХИРЧЭЭ
Өнгөрөгч долоо хоногт Үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид удирдлагын багийнхаа эсрэг хөдөлгөөн өрнүүлж үүрэгт албан тушаалаас нь огцруулах хүртэл тэмцэхээ мэдэгдсэн. Ерөнхий захирал Л. Нинжжамцын А92 тоот тушаалыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн юм. Ковид -19 халдварын үеээр ажилчдынхаа цалинг бууруулчихаад өөрсдөө олон саяын цалин авсан. Улстөрийн сонгуулийн үеээр ажилчдаа тагнаж чагнасан, уран бүтээлчдийн мэдээ нэвтрүүлэгт цензур тогтоож үзэл бодлоо тулгадаг гэх мэт бодитой үндэслэлүүдийг ажилчид нь гаргаж тавьж Үндэсний зөвлөлдөө шаардлага хүргүүлсэн. Үндэсний телевизийн өнгө төрх нүүр царай болсон нэвтрүүлэгч, нэрт сэтгүүлч, найруулагчид уг тэмцэлд нэгдсэн нь мэдээлэл нь илүү үндэслэлтэй бодитой гэдэг ойлголт нийгэмд төрүүлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор үндэсний телевизийн захирлуудын зөвлөлөөс тодорхой мэдээлэл тайлбарыг өгч байсан бол өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн захирал Л. Нинжжамц өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох хүсэлтээ цахим орчноор мэдэгдлээ. Тэгэхээр үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчдийн тавьсан биелж эхэллээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Үндэсний зөвлөл нэн даруй хуралдаж онцгой нөхцөл байдалд тохируулан томилгоо хийх нөхцөл байдал үүсэж байна. Тодорхой хэлэх юм бол үндэсний телевизийн дэд захирал асан Н. Дэмбэрэлийг үүрэг гүйцэтгэгчээр томилох эсвэл шууд ерөнхий захирлыг томилох нөхцөл байдал үүсэж байна. Үндэсний телевизэд нэр нь яригдаж байгаа Н. Дэмбэрэлийн хувьд Нийслэлийн засаг даргын хэвлэл мэдээллийн албаны дарга, Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Монгол ардын намын хэвлэл мэдээллийн албаны дарга гэх мэтээр эрх баригч намын арын ажлыг тун сайтар зохион байгуулагч менежер гэдгээр танигдсан. Үндэсний брэндийн бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа ч сайн менежер, уран бүтээлчдийг дэмжигч гэдгээ баталсан нэгэн гэж уран бүтээлчид ам сайтай байдаг юм билээ.