Болор цом” яруу найргын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү наадамд газар газраас цугларсан яруу найрагчид уран үгийг хэлхээсийг учигт авцалдуулж, яруу эшгийн гайхамшгийг сэтгэл зүрхэнд үерлүүлсэн байх гэж чимээ тавин, нүдээ бүлтийлгэж, сэтгэлээ чилээсэн олон хүн гонсгор үлдэв бололтой. “Болор цом” яруу найргийн наадам 34 дэхь удаагаа зохион байгуулагдлаа.
Уншигч танд тус наадмын тэргүүн байрт шалгарсан Б.Батсайханы “Тэр эмэгтэй” болон нэгдүгээр шатнаас хасагдсан яруу найрагч О.Цэнд-Аюушын “Морьтой хүн- гэсэн хоёр шүлгийг хүргэж байна. Хэнийх нь шүлэг яруу найраг шиг уншигдаж, хэнийх нь шүлэг яг л хэлхэн хэдэн үг шиг харагдаж байна вэ?
Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
Ээж гэдэг
Яруу найрагч: Б.Батсайхан
Энэ жилийн Болор цом яруу найргийн наадмын нэгийн даваанаас хасагдсан яруу найрагч О.Цэнд-Аюушын Морьтой хүн” хэмээх шүлгийг та бүхэндээ хүргэж байна.
Морьтой хүн
Эврээ гээсэн бугын нуруун дээр
Энэ ертөнцийн бүх гол мөрөн урсаж байгаа мэт
Халиун морьтой хүн тэнүүн талд явах нь
Хайрлаж чадаагүй өвөг дээдэс минь
Хайртай хүлэгээ харагдахгүй жигүүрээр
Хазаарлачихаад халих гэж яваа юм шиг
Ганга мөрнөөс ундаалсан алтан гөрөөсний нуруун дээр
Газрын бүх ой тайга ургаж байгаа мэт
Нэгэн морьтой хүн хөндий өгсөж явах нь
Туг нь хүртэл түймэрт шатсан хотоос
Нэг гартаа жимсний модны үндэс
Нөгөө гартаа түлэгдсэн номын хуудас барисан хүүхэд
Жим даган, бүрэн бүтэн гүйж ирэх шиг
Тэнгис далайг гаталж ирсэн бөртэ чонын сэрвээн дээр
Тив дэлхийн тариа буудай халиурч байгаа мэт
Ганц морьтой хүн нугачаа туулах нь
Галт уулаас ч аюултай хүн төрөлхтний
Гаргасан алдаанд гашуудан
Солирын борооноос дэлхийгээ өмөөрсөөр
Солонгон давхрага минь нимгэрч байгаа юм шиг
Хан тэнгэрийн уудмаас айсуй хангарьдын жигүүр дээр
Хаан эзэн минь гуниж яваа мэт
Ганцаардсан морьтон уул өгсөх нь
Зуурын төдийд ч амьд үлдэг гэсэн дээ
Зулай дээрээ үрсээ өргөж
Хөрвөөсөн их усанд хөл алдах хүмүүсийг аврахаар
Хөрөөдүүлсэн модод хөвж яваа юм шиг
Цаст уулын цагаан арслангийн зогдор дээр
Занабазарын алтан соёмбыг залсан мэт
Жаахан Монгол морьтой хүн оргилд гарч ирэх нь
Гашуун тэнгист живсээр байгаа
Газар ээжийнхээ үүрсэн ачааг хөнгөлөхөөр
Орчлонгийн бүх шувууд
Одод руу нисэх гэж байгаа юм шиг
Лусын хөх лууны угалз эргэсэн нуруун дээр
Хасын зөв тэмдэг эргэж яваа мэт
Бүгээн морьтой хүн уул уруудаж ирэх нь
Орчлон цуурсны дараа ангал хавцал руу
Олсны хуучин үзүүр ганцаарханаа
Осолдогсдыг татаж гаргахаар
Очиж яваа юм шиг
Эврээ гээсэн бугын нуруун дээр
Энэ ертөнцийн бүх гол мөрөн урсаж байгаа мэт
Халиун морьтой хүн тэнүүн талд явах нь
Хайрлаж чадаагүй өвөг дээдэс минь
Хайртай хүлэгээ
Баригдахгүй жигүүрээр ногтолчихоод
Буцаж яваа юм шиг
2017. Яруу найрагч: О.Цэнд-Аюуш