Хэдэн өдрийн өмнө Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хүний адаг болчихов. Учир нь 2019 онд Монголросцветмэнт ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг тус компаниар төлүүлчихжээ. Үүнийг нь гэнэт ухаантан шилэн данснаас гаргаж ирээд сэвж эхлэв.
Г.Ёндон сайд хэдэн хэвлэлд өнөөх мөнгөн дүнгийнхээ тухай тайлбар өгөх гэж дайран дээр давс нэмж, улам л галыг өртөж орхих нь тэр. Шар мэдээнд дурлаж ирэв үү гэсэн хорсолтой үгэнд хэвлэл мэдээллийнхэн уурсаж, түүнийг улам бүр балбах нь тэр. Нэг талаасаа хэвлэлийн зөв.
Г.Ёндон гэдэг хүн өнөөдөр эгэл жирийн нэгэн биш. Тэр улс төрч. Улс төрийн албан тушаал хашиж байгаа. Улс төрч хүн хатуу үг, хурц шүүмжлэлд хүлээцтэй хандаж, илүү буурь суурьтай, нухацтай авч үзэх шаардлагатай. Түүнээс чихэрээ булаалгачихаад уйлж суугаа жаал шиг занг гаргаж болохгүй. За энэ ч яахав.
Монгол улсын засгийн газар өчигдөр хуралдахдаа нэг шийдвэрт хүрчээ. Энэ нь Г.Ёндон гэдэг сайдад анхааруулга өгч. Мөн төрийн өмчит компаниудын удирдлага цалингаас өөр урамшуулал авахгүй байх тухай юм байх. Ингэхдээ Г.Ёндонгийн авсан гэх 10,7 сая төгрөгийг буцаан төлүүлэхээр шийдсэн гэнэ. Г.Ёндон алдагдалтай ажиллаж байсан компанийг ашигтай ажиллуулсан. Иймээс урамшуулал болгож 2 хүүхдийнхээ сургалтын төлбөр болох 10 сая 700 мянган төгрөгийг удирдаж байсан компаниараа төлүүлчихсэн. Үүнийг нь нийгэм шүүмжилж, хэдэн коммент бичигч шаагиж, хэдэн хэвлэл ундуйцчихаар Засгийн газар нь шийдвэр гаргаж буцаан төлүүлнэ хэмээн хэнхэглэж суудаг ч ичмээр дамшиг юм даа.
Монголын төр 10,7 сая төгрөгийг буцааж аваад баяжихгүй. Харин Монголын төр алдагдалтай аж ахуйн нэгжээ ашигтай ажиллуулж чадсан менежерээ зөв үнэлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй. Захын хувийн хэвшил нэг захиралд 10 сая төгрөгийн цалин нэмэх нь тодорхой урамшуулал амалдаг болсон цаг. Сайн менежер сайн цалин дээр нэмэх нь тодорхой хангамж эдэлдэг нь бизнесийн зарчим. Түүнээс төрийн өмч гэхээр л урамшуулал байх ёсгүй. Тэр буцааж ав гэдэг хуучинсаг сэтгэлгээнээсээ салах цаг болсон.
Г.Ёндон гэдэг хүний хувьд сайд болчихсон учраас л асуудал өрнөчихлөө гэж харж болохгүй. Сайд биш ч гэсэн төрийн өмчит компанийн захирал болсон хүнд ямар ямар урамшуулал байна. Тэр хүн нь хэчнээн төгрөгийн ашигтай ажиллуулж байж тэр урамшууллыг авах ёстой гэдгийг харин нийтэд тодорхой нээлттэй болгочих. Бас яг үүнтэй ижил төрийн өмчит аж ахуйн нэгжийг алдагдалтай ажиллуулж буй дарга нарыг халж сэлгээд өөрчилж явдаг нээлттэй тогтолцоотой байлга. Түүнээс алдагдалтай 10 жил болсон аж ахуйн нэгжийг нэг л дарга удирдаад байж болохгүй шүү дээ.