Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв.

Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ. Тэрбээр “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 1356 арга хэмжээг төлөвлөж, гүйцэтгэл 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 99.2 хувьтай байна. Нийслэл, дүүргийн хэмжээнд 2020-2021 оны өвөл зам, замын байгууламжийн цас мөсний халтиргаа гулгаанд давс 3227 тонн, бодис 4175 тонн нөөцөлсөн” гэлээ.

Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нөөцлөлт, хадгалалт, борлуулалтын цэг нэмж байгуулах талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Ундармаа “Шахмал түлшний баруун болон зүүн бүсийн үйлдвэрт 14 шугам ажиллаж байна. Зүүн бүсийн үйлдвэрийн цахилгаан хангамжийн ажил хийгдэж бүрэн дууссан. Бусад бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Угаарын хийн хордлого үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийн түвшинг тодорхойлон ажиллаж байна” хэмээв.

Мөн замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажил болон цаашид авах арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мэдээлэл хүргэсэн юм. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Бид шат шатандаа нэг бодлого барьж ажиллах ёстой. Харьяа газар, хэлтэсүүд бодлого гаргадаг ийм системээр бид иргэдийн хүсч байгаа хотыг бий болгож чадахгүй. Цаашид тооцоо судалгаатай, шийдэлтэй асуудал ярина. Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно. Холбогдох байгууллагууд шат шатандаа асуудлаа хариуцаж ажилла. Тодорхой асуудлуудаа дүүрэг, хороо өөрсдөө хариуцаж ажиллах шаардлагатай. Анхан шатнаасаа эхлээд төрийн ажил тогтвортой явах ёстой. Дүүрэг дүүрэгтээ дүүргийн дарга нарын шуурхай гэж хийдэг больё. Хотын хөгжил гэр хорооллоос эхэлдэг. Тийм учраас тодорхой эрх үүргийг дүүрэг, хороонд нь өгнө. Мөн эмийн болон хүнсний аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажилла. Эмийн зохистой зөв хэрэглээний бодлого баримтлах шаардлагатай. Бид амжилттай хэрэгжиж байгаа ажлуудыг цааш нь үргэлжлүүлээд явна” хэмээлээ.

Түүнчлэн шуурхай зөвлөгөөнд өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар холбогдох мэргэжлийн байгууллагууд мэдээлэл хийв.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, Цагдаагийн хурандаа Ш.Цогбаатар “Цагдаагийн байгууллагад 2020 оны эхний 10 дугаар сарын байдлаар 21.142 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 13.399  буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 28.4 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй хүнийг бүртгэх, цагдаагийн байгууллагын хяналтад бүрэн авах, хүчирхийллийг таслан зогсоох, давтамжийг бууруулах зорилгоор нийслэлийн хэмжээнд нэгдсэн бүртгэлийн загвар гаргаж, дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд хүргүүлж ажилласнаар 1667 иргэнийг бүртгэл хамруулахаас 1005 иргэнийг буюу 60.2 хувийг нь хамруулан, зан үйл, сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулан ажилласан” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “2020 оны 10 дугаар сарын 08-наас 29-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 5651 дуудлага мэдээлэл хүлээн авахад эд материалын хохиролтой 1287, хүн гэмтсэн зам тээврийн осол 119 бүртгэгдэж, 144 хүн гэмтсэнээс 86 явган зорчигч зам тээврийн осолд өртсөн байна” хэмээлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан “Нийслэлийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 163, аврах ажиллагааны 15, нийт 178 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 190 иргэнийг аварч, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 46.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар нийт 2654 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа. Мах махан бүтээгдэхүүний 112 үйлдвэрт хяналтын долоон чиглэлээр 42 улсын /ахлах/ байцаагч хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Мөн нийслэлийн есөн дүүрэгт энэ онд баригдаж байгаа барилга байгууламжид хяналт шалгалт хийсэн” гэсэн мэдээллийг өгөв.

Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдал болон бусад хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар зарим зүйлсийг тодруулж асуун санал солилцож, тодорхой чиглэлүүдэд үүрэг даалгавар өгсөн юм. 

Хуралдааны төгсгөлд Хотын Захирагч Д.Сумьяабазар “Сайжруулсан түлш худалдаалах цэгээс хол, бөөний болон жижиглэнгийн цэгүүд байдаггүй, унаа машин явах боломжгүй өндөрлөг газар оршин суудаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сайжруулсан түлшээр хангах нарийвчилсан судалгааг гаргаж танилцуул. Улсын онцгой комиссын 2020 оны Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” хоёрдугаар аяны хэрэгжилтийг сайтар хангаж ажиллаарай. Ханиад томуу болон халдварт өвчнөөс дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх, хүүхдийн эмнэлэгүүдийн орны тоог нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах шаардлагатай. Замын хөдөлгөөний хяналтын камерын систем болон гэрэл дохионы хэвийн ажиллагааг сайтар ханга. Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээг авах, тээврийн үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайтар хангах хэрэгтэй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй барилга гэсэн хоёр холилдсон асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд зохих хууль, журмын дагуу зохицуулалтын хийж, хамтарсан ажлын хэсгийн байгуулж ажилла” гэсэн үүрэг чиглэлүүдийг нутгийн захиргааны байгууллага болон харьяа газар, дүүргийн удирдлагуудад өгч, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллахыг онцгойлон анхааруулсан юм.

                          Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс