Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа

Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа

Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцлаа.

Тус хорооны нийт 18 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлж буй “Дотны туслагч” өрхийн эмнэлэг нь их эмч найм, сувилагч долоо, нийгмийн ажилтан, хөтөч, нярав, угаагч, үйлчлэгч, нягтлан зэрэг 20 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Ч.Цэрэндолгор улирлын томуугийн дэгдэлт, “Ковид-19” халдварт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу авч хэрэгжүүлж буй ажлуудаа Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нарт танилцуулав. Тэрбээр “Томуугийн эсрэг вакцины эхний тунгаар дархлаажуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Удахгүй хоёр дахь тунгийн дархлаажуулалт эхэлнэ. Бага насны хүүхэд, жирэмсэн эх, өндөр настнуудыг гэрийн эргэлт үзлэгт хамруулах ажлыг тогтмол хийснээр яаралтай тусламжийн дуудлага тодорхой хувиар багассан. Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн хуудсаар дамжуулан товлолын дархаажуулалт, гэрийн эргэлт, эмчийн үзлэгт хамрагдах зайлшгүй шаардлагатай хүүхдүүдийн бүртгэлд хяналт тавьж байна. Амьсгалын замын халдвар, коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд эмнэлгийн ажилтнуудаа дархлаажуулах, нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл болон ариутгал халдваргүйжүүлэх хэрэгслээр бүрэн хангаж байгаа. Улирлын томуугийн дэгдэлтийн үед амралтын өдөр болон уртасгасан цагаар ажиллах зохион байгуулалтад шилжих бэлтгэлээ эртнээс базаасан” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Мөн орон сууцны доод давхарт үйл ажиллагаа явуулж буй өрхийн эмнэлгийн үйл ажиллагааны зориулалт бүхий өөрийн гэсэн байртай болгох хүсэлтэй байгаагаа энэ үеэр илэрхийллээ.

Түүнчлэн тус өрхийн эмнэлэгт энэ өдөр үйлчлүүлж буй иргэдээс гадна хөнгөлөлттэй эмийн жор бичүүлэхээр дугаарласан өндөр настнууд Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаатай болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзаж, тулгамдаж буй асуудлын хүрээнд тодорхой мэдээлэл, зөвлөмжийг авсан юм.

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР