Ахуйн хүрээний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг эхлүүллээ
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны “Гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт зохион байгуулах” удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2020 оны “Өдөрлөг зохион байгуулах тухай” А/244 дүгээр тушаал, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан хуваарь, дүүргийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 29-ний “Урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулах тухай” А/499 дүгээр захирамжаар Улаанбаатар хүрээний Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүн, дүүргийн гэр хороолол бүхий 35 хорооны 78 мянган өрхөд “Гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт, яндангаа хөөлье аян”-ыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 08-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 7 өдөр зохион байгуулан ажиллаж байна.
Нийслэлийн хэмжээнд 2019 онд 2809 удаагийн гал түймэр гарч, 17 хүн амь насаа алдсан бол он гарсаар 10 дугаар сарын байдлаар 1597 удаагийн гал түймэр гарч, 35 хүн амь насаа алджээ. Гал түймрийн шалтгааны 29 хувийг ил задгай үнс нурмаа асгаснаас, 22 хувийг пийшин зуухны гэмтлээс, 15 хувийг цахилгаан ашиглалтын буруугаас тус тус эзэлж байгаа аж.
Иймд гэр хорооллын иргэд рүү чиглэсэн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг зохион байгуулах, иргэдэд гал түймрийн талаарх ойлголт мэдлэгийг түгээх, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгараад байна.
Аян энэ сарын 8-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд гэр хорооллын айл өрхүүдэд санамж, сэрэмжлүүлэх хуудас тарааж, гал түймрээс урьдчилан сэргийлэх дадлага чадварыг олгох, хяналт шалгалтыг зохион байгуулж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах мэргэжил, аргазүйн зөвлөгөөг өгч ажиллана.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР