ЭМДЕГ-аас хөнгөлөлттэй эмийн цахим жор бичилтийн талаар мэдээлэл хийлээ.
“Өчигдрөөс эхлээд хөнгөлөлттэй эмийг шинэ журмаар олгож эхэлсэн. Олон эмийн сан цахимд холбогдсоноос болж хүндрэлүүд гарсан. Энэ зөрчлийг арилгахын төлөө манай холбогдох хүмүүс ажиллаж байна. Эмийн санхүүжилт урьдынх шигээ эхний нэг, хоёр хоногтоо дуусчихдаг зүйл биш болсон. Бид санхүүжилт нэмүүлсэн. Эмээ бичүүлээд санхүүжилт дуусчихна гэсэн асуудал байхгүй. Иргэд эм нь дуусаагүй бол заавал сарын эхний нэг, хоёр хоногтоо дугаарлах шаардлагагүй. Цаашдаа бүх алдаа дутагдлыг засна” гэж албаны хүн хэллээ.
Эмийг A, B, C, D ангилалтай болгосон
“ЭМД-ын байгууллагаас шинэчилсэн эмийн жагсаалт дээр жор бичих эмч нарыг A, B, C, D гэж ангилсан. ЭМЯ-наас баталж гаргадаг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт байдаг. Энэ жагсаалтад анхан шатны эмнэлгийн эмч нар энэ л эмийг бичнэ. Хоёрдугаар шатлал, гуравдугаар шатлалын эмч нар энэ л эмнүүдийг өвчтөнд зөвлөнө гээд заагаад өгчихсөн байдаг. Энэ ангиллын дагуу оруулсан. Гэхдээ Өрхийн эрүүл мэндийн төвийн хувьд илүү онцлогтой. Зарим нэг даралтны эмнүүдийг иргэдэд чирэгдэл үүсгэхгүйн тулд өрх дээр бичих боломжтой болгосон. ЭМД-ын тухай хуульд шинэ заалт орсон. Энэ нь тухайн өвчнийг олон улсын эмнэл зүйн удирдамжийн дагуу эмчилсэн байна уу гэдгийг даатгалын байгууллага шалгаж, чанартай тусламж үзүүлсэнд санхүүжилт олгох заалт юм. Үүний дагуу хөнгөлөлттэй эмийн жагсаалтад A, B, C, D ангилал тавьж өгсөн. Жишээ нь өрхийн эмнэлэгт оношлуулах боломжгүй, нарийн шинжилгээ хийж байж оношлох өвчинд эмийг бичүүлж уух зохицуулалт хийсэн” гэсэн юм.
Хүний регистер ашиглаад даатгалаас мөнгө нэхэмжилдэг байсныг зогсоохын тулд хурууны хээ уншуулдаг болгосон
“Бид яагаад цахим жор дээр хурууны хээ гэсэн шийдлийг ашиглах болсон гэхээр өмнөх жилүүдэд бид хурууны хээгээр иргэнийг баталгаажуулж жор бичдэггүй байсан. Өмнө нь тодорхой зөрчлүүд удаа дараа гардаг байсан. Жишээ нь, хүний регистерийг ашиглаад жор бичүүлээд, даатгалаас мөнгө нэхэмжилдэг маш их зөрчил гардаг байсан. Энэ удаагийн хуулийн өөрчлөлттэй холбоотой эмийн сангуудад төсвийн хязгаар байхгүй боллоо. Хурууны хээгээр бүртгэхгүй яваад байхаар энэ байдал улам бүр гаараад даатгалын санг хохироох явдал гарах болзошгүй. Ийм явдал гаргахгүйн тулд гаргасан энэ шийдлийг гаргасан. Одоо Өрхийн эрүүл мэндийн төв, улсын хоёр, гуравдугаар шатлал, хувийн эмнэлгүүд өөрсдийн програм хангамж дээр жор бичих нөхцөл бололцоог би бүрдүүлсэн. Тиймээс хурууны хээгээ бүртгүүлж жороо бичүүлэх нөхцөл бүрдсэн. Эрүүл мэндийн байгууллагын IT инженерүүд жор бичих эрхтэй эмч нарт зохих программыг суулгаж өгч, ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай байна ” гэж онцоллоо.