З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал

З.Төмөртөмөө: Агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо чухал

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллын айл өрхүүдээр ажиллаж буй. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 7, 18, 19 дүгээр хороонд ажиллан сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотой учирч буй бэрхшээл, асуудлыг иргэдээс сонсон, угаарын хий мэдрэгч болон яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг хүргэлээ. 

Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Агаарын бохирдлыг бууруулах энэ ажилд иргэдийн оролцоо их чухал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Бид хамтдаа хичээн зүтгэж байж өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж чадна. Тухайлбал, угаарын хий мэдрэгчээ гэртээ тохиромжтой газар байршуулах хэрэгтэй” гэдгийг онцолж хэлэв.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн н.Жаргалчимэг “Сайжруулсан шахмал түлшнээс хаягдал их гардаг. Гэхдээ шахалт, илчлэгийн хувьд сайн. Зөв галлагааны горимоо баримталж хэрэглэвэл угаартах эрсдэл үүсэхгүй гэж бодож байна. Одоо бид сайжруулсан түлшийг хэрэглэж сурсан” гэлээ.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө цаашид “Тавантолгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт  дүүрэг, хороодод ажиллан, сайжруулсан шахмал түлш болон угаарын хий мэдрэгчийн хэрэглээ, яндан зуухны зөв галлагааны зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэх юм байна.

 

                           Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс